Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хандлага бол сонголт, тиймээс ухаалгаар сонго

Бидний дэлхий “Хуванцар гариг” болоход хурдацтайгаар ойртож буй гэдгийг судлаачид анхааруулжээ. Гэтэл бид өдөр бүр, алхам тутамдаа хуванцрыг “талх” шигээ л хэрэглэдэг гэхэд хилсдэхгүй. Өглөө хүүхдээ цэцэрлэг, сургуульд нь хүргэж өгөхдөө өмсдөг нийлэг уутаар хийсэн улавч, талх, чихэр, нарийн боов, сүү тараг, хүнсний ногоо гээд бүх л бараа бүтээгдэхүүнээ “өлгийддөг” гялгар уут, хүүхдийн тоглоом, батарей, ундааны сав, хүнсний хэрэглээний сав гээд бидний өдөр тутмын амьдралд гялгар уут, хуванцрын хэрэглээ асар их байна. Гэвч бид үүнийг энгийн хэрэглээ мэт үл ойшоон байгаа нь харамсалтай. Хэрвээ бид “Хуванцар гариг”-т амьдрахыг хүсэхгүй байгаа бол энэхүү хуванцар материалыг хэрхэн ашиглах талаар дахин сайтар бодох шаардлага нэгэнт бий болсон.

Калифорнийн их сургуулийн экологич Санта Барбара болон түүний багийнхны эрдэм шинжилгээний бүтээлд тодорхойлсноор хамгийн түрүүнд тэд хэр их хэмжээний хуванцар бүтээгдэхүүн үйлдвэрлэгдсэнийг тооцоолж, тэрхүү материалыг юунд ашиглаж байгааг олж тогтоон улмаар үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн хаана хэрхэн төгсдөгийг судлан гаргажээ.

Тэдний харуулснаар:

•    Түүхий материал байдлаар 8.3 тэрбум тонн хуванцар үйлдвэрлэгдсэн

•    Нийт материалын тэн хагас нь ердөө өнгөрсөн 13 жилийн дотор үйлдвэрлэгдсэн

•   Үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүний 30 хувь нь өнөөдөр ашиглагдсан хэвээр байгаа

•   Хаягдал болсон хуванцруудын ердөө есөн хувь нь дахин боловсруулагдсан

•  12 хувийг нь шатаасан боловч тэдгээрийн 79 хувь нь хөрсөнд нэвчин үлдсэн

•    Нэг удаагийн, богино хэрэглээ бүхий сав баглаа боодлыг ерөнхийдөө нэг жилийн хугацаанд ашиглагдсан байдаг

•   Урт хугацааны бүтээгдэхүүнд машин механизм багтдаг

•    Энэ маягаараа хуванцар бүтээгдэхүүн үйлдвэрлэгдсээр байвал 2050 он гэхэд дэлхий дээрх хуванцрын хэмжээ 12 тэрбум тонн болно

Энэ мэт тоо баримтууд эрдэмтэд, судлаачдын сэтгэлийг зовоож буй бөгөөд тэд зөвлөснөөр дахин боловсруулах ажилд дэлхий нийт анхаарлаа хандуулах хэрэгтэй бөгөөд энэ ажил цаг алдалгүй хамтран ажиллах шаардлага үүсч буйг онцлон хэлжээ.

Хуванцар савын түүхий эдийг гаргаж авахад хямд боловч түүнийг эргүүлэн устгалд оруулах гэдэг асар хэцүү асуудал болдог. Жишээлбэл, тамхины иш л гэхэд 10-12 жилийн дараа бүрэн устаж үгүй болдог бол хуванцар хоолны сав 200-500 жил, ундааны лаак 50 жил, шилэн сав нэг сая жил “насладаг” байна.

Энэ тоо баримтаар бодож үзвэл "Кока Кола" компани анх 1955 онд лаазтай ундаагаа үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд анх үйлдвэрлэж байсан ундааны лаазны хор хөнөөл одоо л бүрэн устаж үгүй болж байгаа гэсэн үг юм.

Түүнчлэн дэлхийн нэг өдрийн хог хаягдлын 30 хувийг гялгар уут эзэлдэг байна. Гялгар уут газрын хөрсөнд задралд орохын тулд 200-1000 жил болдог байхад бидний өдөр тутамдаа ууж хэвшээд буй кофены хуванцар аяга 50-300 жил, хоолны хуванцар сав 200-500 жил болж байж устдаг байна. Тиймээс Австрали, Хятад, Австри, Бангладеш, Ирланд, Европын орнууд гялгар уутны хэрэглээг хязгаарлаж, хоолны савыг цаасан уутаар орлуулах болсон юм. Харин бэлэн гоймонд ихээр ашигладаг полимер буюу хөөсөн хуванцар сав газарт хаягдвал хөрсөнд задардаггүй, устдаггүй байна. Түүнчлэн хүнсний хог хаягдал ойролцоогоор сар орчмын дараа хөрсөнд задарч бүрэн устдаг бол автомашины акумлятор, тугалган цаасны хаягдал 100 жилийн устаж үгүй болдог аж.

Тэгвэл удаан хугацаанд устдаг эдгээр хог хаягдлыг дэлхий нийт дахин боловсруулах замаар ашиглаж байна. Дэлхийд хуванцар дахин ашиглалт аль хэдийнээ “ажил” болж АНУ-д л гэхэд 1600 үйлдвэр ажиллаж байна.

Энэ нь дан ганц үйлдвэрүүд болон аж ахуйн нэгжийн нийгмийн хариуцлагын асуудал биш бөгөөд дэлхий даяар хандлагаа өөрчлөх давлагаа эхлээд байгаа юм. Катрин Келло хэмээх бүсгүй минимал хэв маягаар амьдрахыг эрхэмлээд хоёр жилийн хугацааг үджээ. Тэрээр энэ хугацаанд хуванцар болон нийлэг сав, боодол бүхий бүтээгдэхүүнээс татгалзахыг эрмэлзсэн байна. Доорх зураг дээр байгаа нь түүний хоёр жилийн хугацаанд хэрэглэсэн хуванцар болон нийлэг бүтээгдэхүүнүүд бөгөөд тэрээр “Хэдий гялгар уутны хэрэглээнээс шууд гарна гэдэг хэцүү ч гэлээ та байгаль орчин, эрүүл мэндийнхээ төлөө гялгар уутны хэрэглээнээс бага, багаар татгалзсанаар эерэг хандлага бий болно. Үүнийг дагаад таны амьдралд ч эерэг өөрчлөлтүүд гарч ирдгийг биеэр мэдэрлээ” гэжээ.

 

Монгол Улсад нэгэн иргэний санаачилгаар өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн бүх төрлийн хуванцар хог хаягдлыг дахин боловсруулт хийж экспортолсон байна. Тооцоод үзэхэд 2500 орчим тонн хуванцар хог хаягдал гаргажээ. Эдгээр хог хаягдал дотор нэг удаагийн, эдэлгээ бага, хэврэг, эвдэрсэн ч засал авахгүй зүйлс л их байсныг тэрээр блогтоо тэмдэглэжээ. Үүнээс дийлэнх нь хүүхдийн хэврэг хуванцар тоглоом байсан нь харамсалтай. Тиймээс бид хандлагаа өөрчилж, өдөр тутамдаа дараах энгийн зургаан алхмыг мөрдлөг болговол байгаль орчин, эрүүл мэнддээ эерэг нөлөө авчирч чадах юм.

Хандлагаа өөрчлөх энгийн зургаан алхам:

1. Хүүхдэдээ аль болох хямд, чанар муутай хуванцар тоглоом хүүхэддээ авч өгөхгүй байх гэж хичээгээрэй

2. Хүүхдээ хичээлээс нь авахдаа нэг удаагийн гялгар улавч өмсөх биш даавуун улавчтай болж, түүнийгээ байнга авч явж хэвшээрэй

3. Гэр бүлийн гишүүд тус бүр даавуун торнуудтай болох

4. Нэг удаагийн хэрэглээнээс татгалзах

5. Өөрийн усны савтай болох \ олон ашиглагдах\

6. Ширхэг тус бүрээр нь савласан цайнаас татгалах

Хандлага бол сонголт, тиймээс ухаалгаар сонгоцгооё.  

Б.ЭРДЭНЭТУЯА

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан