Нийслэлийн Баянгол дүүргийн 22 дугаар хороонд нэгдүгээр сарын 23-24-ний шилжих шөнө гэр бүлийн зургаан хүн угаартсаны улмаас нас барсан харамсалтай хэрэг гарсан. Тус гэр бүлийн хүү О. Одбаяр өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр " Тухайн өдөр манай гэрт манай хамаатны ах, ахын бага охин болон миний ээж, гурван дүү маань байсан. Хамаатны болон миний дүү нар 6, 9, 10, 17 настай байсан. Цэргээс гэртээ иртэл ээж, гурван дүү чинь угаартаад бурхан болчихлоо гэж хэлсэн.
Маш их гомдолтой байна. Манай хамаатнуудаас цагдаа 2-3 цаг мэдүүлэг авч мэдээлэл өгч болохгүй тухай гарын үсэг зуруулсан байсан. Шүүхийн шийдвэр гараагүй учир яриа өгч болохгүй гэсэн. Улсаас зургаан хүний оршуулгын зардалд нийт 5 сая төгрөг өгсөн байсан.
Өмнө нь манайх нүүрс түлдэг байсан ч угаарын асуудал гарч байгаагүй. Намайг цэрэгт явсан хойгуураа гэр бүлийн бүх гишүүнээ алдчихлаа. Дүү нар маань юугаа ч мэдэхгүй насан дээрээ явж байгаад өөд болчихлоо шүү дээ. Манайх ч гэлтгүй олон айлууд хохирч байна шүү дээ. Ээж маань үйлчлэгч хийдэг байсан. Нүүрс түлж амьдарсны төлөө ингэж хохирч байна. Мэдээлэл хийж болохгүй, хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэсэн ч миний хувьд ээж, дүү нарынхаа төлөө бүх зүйлийг хийж байна. Хуульч, өмгөөлөгч нар надад хууль зүйн туслалцаа үзүүлэхийг хүсэж байна” гэв.