ОХУ-ын Казань хотод зохион байгуулагдсан Дэлхийн ур чадварын 45 дахь удаагийн тэмцээнд 63 улсын 56 төрлийн мэргэжлээр 1354 оролцогч, 1340 экспэрт багш оролцлоо. Дэлхийн ур чадвар нь техникийн болон мэргэжлийн гүйцэтгэлийн олон улсын шилдэг туршлагат үндэслэгдэн мэдлэг, ойлголт, ур чадвараар өрсөлддөг тэмцээн юм.
Монгол улсаас 8 мэргэжил оролцсоноос тогооч мэргэжлийн оролцогчоор ХТПК-ийн суралцагч Лхагва-Очир овогтой Чибаяр, экспэрт багшаар тус сургуулийн багш С. Цэнд-Аюуш нар амжилттай оролцоод ирлээ.
Тогооч мэргэжлийн ур чадварын тэмцээнд 46 улсын оролцогчид 4 өдөр 4 төрлийн модульт даалгаварыг нийт 16 цагт багтааж гүйцэтгэсэн юм. Даалгавар бүр тогоочийн ажлын байр, хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуй, хүнсний бүтээгдэхүүний хадгалалт, хаягжуулалт, нарийн хэмжигдэхүүн, өгөгдсөн бүтээгдэхүүнд технологийн ажилбарууд заагдсан, бүтээгдэхүүний орц, хог хаягдлын гарц, нууцлаг бүтээгдэхүүний сонголттойгоор дүрэмд заагдсан. Тогоочийн багаж хэрэгслийн жагсаалт, техникийн дүрэм, даалгавар тус бүрийг экспэрт багш орчуулж оролцогчид танилцуулж бэлтгэсэн. Үүнд:
Даалгавар тус бүр:
1. Нууцлаг орцтой хайрцагнаас бүтээгдэхүүн сонгох
2. Даалгавар бүрийн өмнө 30 минутын нууц даалгавар гүйцэтгэх /Экспэрт багшид олгогдсон 15 минутын хугацаанд оролцогчдод тайлбарлаж өгөх /
3. Даалгавар бүрт нууцлаг өгөгдсөн төрөл бүрийн махаар үндсэн хоол 4 порцоор бэлтгэх
4. Нууцлаг өгөгдсөн хүнсний төрлийн ногоонуудаас хоорондоо зохицох 3 төрлийг сонгож хоолондоо ашиглах
5. Бүтээгдэхүүнд тохирох 2 сүмс бэлтгэх
6. Бэлтгэсэн бүх бүтээгдэхүүн 60-с дээш температуртай байх
7. Ажлын төлөвлөгөө, бэлтгэл ажлын жагсаалт гаргаж урьдчилан нотолсон байх шаардлагатай
8. Заавал гүйцэтгэх боловсруулалтын аргуудыг өгөгдсөн даалгавар бүрт заавал оруулсан байх
9. Өгөгдсөн бүтээгдэхүүнүүд хэмжээ болон температурыг нарийн баримталсан байх шаардлагатай
10. Материалын зарцуулалт хадгалалт, хаягжуулалт, хог хаягдлыг тооцох
11. Даалгавар бүрийн нийт хугацаа 4 цаг, үүнээс ур чадварын шалгалт 30 минут, хоол хийх 3 цаг, ажлын байрны бэлтгэл эхлэхэд буюу дуусахад нийт 30 минут зарцуулна.
12. Ажлын байрыг цэвэрлэн, нэг ч зүйл үлдээхгүй, өөрийн багаж хэрэгслийг хураан авч ажлын байрыг чөлөөлөх
13. Зохион байгуулагч улсын үндэсний 10 төрлийн бүтээгдэхүүнээс 5 бүтээгдэхүүний сонголт хийж даалгавар бүрт заавал ашигласан байх ёстой
14. Аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дүрмийг нарийн баримталж ажиллах ёстой.
15. Даалгавар бүрийн өмнө багшаасаа 15 минутын зөвлөгөө авна, өөр тохиолдолд харьцаж болохгүй. Англи хэлээр тэмцээний үйл ажиллагаа явагддаг тул тусламж хэрэгтэй бол зөвшөөрөл авч багштай харьцаж болно
Энэ жилийн тэмцээн нь экспэрт багшаас үнэлгээний талаар аман шалгалт, орчин үеийн тоног төхөөрөмжтэй ажиллах ур чадварын шалгалт авсанаараа өмнөх тэмцээнүүдээс ялгаатай байлаа.
Тэмцээн эхлэхээс өмнө экспэрт багш нар үнэлгээний болон тэмцээний дүрмүүдийн талаар сургалтанд хамрагдаж, үнэлгээний шалгуурын задаргаа болон нэгтгэл дээр ажиллаж байснаараа мөн онцлог байсан юм.
Ийнхүү монголын баг “Ажил, мэргэжлийн олимп” хэмээн нэрлэгддэг Дэлхийн ур чадварын тэмцээнд амжилт ололт дүүрэн оролцсон юм.
Мэдээллийг бэлтгэсэн: Хүнс Технологийн Политехник Коллежийн
Хоол үйлдвэрлэлийн тэнхмийн эрхлэгч С.Цэнд-Аюуш