Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болов. Тус зөвлөгөөний үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан “Үүссэн нөхцөл байдалд бодилт дүгнэлт хийж, иргэд дахин энэ төрлийн осолд өртөхгүй байх талаар урьдчилан сэргийлэхэд дүүргүүдийн засаг дарга нар болон хэсгийн ахлагч нар анхаарч ажилла. Сайжруулсан түлшний хэрэглээний талаарх мэдээллийг иргэдэд хүргэхэд онцгойлон анхаар” хэмээн хэлээд шахмал түлшний шинжилгээний дүнг олон нийтэд мэдээлэх үүрэг өгсөн юм. Энэ дагуу сайжруулсан түлшний лабораторийн шинжилгээний нэгдсэн хариуг танилцууллаа.
Хордлогод өртсөн айлуудын хэрэглэж байсан түлшнээс, худалдан авсан цэгээс, “Таван толгой” ХХК-ийн үйлдвэрээс гэсэн 3 газраас 23 дээж авч, Ашигт малтмал, газрын тосны газрын харьяа лаборатори, Геологийн төв лаборатори, Гаалийн ерөнхий газрын төв лабораторид шинжилгээнд өгсөн байна.
Шинжилгээний дүнгээр стандартын шаардлага хангасан гэж гарсан гэв. Тэгэхээр шинжилгээний дүн ямар ч асуудалгүй гарсан гэсэн үг. Мөн өчигдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нэг айлын 11-14 насны хоёр хүүхэд угаартсан гэсэн мэдээлэл ирсэн. Энэ дагуу шалгахад мөн л буруу хэрэглэсэн нь тогтоогдсон. Яг нэг цэгээс авсан нэг хашаанд байдаг хоёр айлын нэг нь зүгээр байхад нөгөө нь угаартсан байна. Угаартсан айл нь буруу хэрэглэсэн нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, яндангаа хааснаас болсон, хэрэглээн дээрээ алдаад байна гэсэн мэдээллийг өгөв.