“Хүн амын хоол тэжээл, хүнсний аюулгүй байдлын өнөөгийн байдал, сайжруулах арга зам” сэдэвт уулзалт, семинар өнөөдөр эхлэв. Өнгөрсөн 10 жилд Засгийн газар болон НҮБ-ын Хүүхдийн сан, Азийн хөгжлийн банк, Дэлхийн зөн-Монгол зэрэг олон улсын байгууллагаас хэрэгжүүлсэн төслүүдийн үр дүн гарчээ. “Монголын хүн амын хоол тэжээлийн байдал” үндэсний 5 дугаар судалгааны дүнгээс үзвэл хүүхдийг 6 сар хүртэл эхийн сүүгээр дагнан хооллож буй үзүүлэлт 2013 оныхоос 11.2 хувиар нэмэгдсэн байна. Мөн 5 хүртэл насны хүүхдийн дунд өсөлтийн хоцролт 4.7, А амин дэмийн дутал 22.9 хувиар буурсан дүн гарлаа. Гэвч цаашид хийх ажил чамгүй байгаа аж. Тухайлбал, уг судалгааг хийхдээ НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагаас боловсруулсан “Өрхийн хүнсний баталгаат байдлын алдагдлын хэмжээ”-г тооцох аргачлалыг ашиглаж баруун, хангай, төв, зүүн бүс нутаг, Улаанбаатар хотыг хамруулжээ. Судалгаагаар Монгол Улсад хоол тэжээлээс хамааралт эмгэгийн дарамт өндөр байгааг тогтоосон. Тухайлбал, нялх хүүхдийн эхийн сүүгээр дагнан хооллолт хангалтгүй, нийт хүн амын хоногт хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл цөөн, амин дэм, эрдсийн дутлын тархалт өндөр, 5 хүртэлх насны хүүхэдтэй өрхийн 64.9 хувийн хүнсний баталгаат байдал ямар нэг хэмжээгээр алдагдсан, илүүдэл жин буюу таргалах хандлагатай байгаа дүн гарсан байна. Хүн амын Д амин дэмийн хангамжийн түвшин туйлын хангалтгүй, 5 хүртэл насны хүүхдийн 90 хувь, жирэмсэн эмэгтэйчүүдийн 95 хувь, 15-49 насны эрэгтэйчүүдийн 82 хувь нь Д амин дэмийн дутал, эсхүл нөөц дутмаг байгааг тогтоожээ.
Давс иоджуулах хөтөлбөр хэрэгжүүлж, иоджуулсан давсны хэрэглээг нэмэгдүүлэх талаар олон жил ярьж, ажилласан ч судалгаагаар нийт өрхийн 78.9 хувь нь зохистой түвшинд иоджуулсан давс хэрэглэж байна. Иоджуулсан давсны хэрэглээ баруун бүсэд 60.4 хувь, хангайн бүсэд 70.6 хувьтай байгаа нь иод дуталд өртөх эрсдэлтэй аж.
Өрхийн хүнсний баталгаат байдал судалгаанд хамрагдсан өрхийн 35 хувь хэвийн, 14 хувь нь бага алдагдсан, 28 хувь нь дунд зэрэг алдагдсан, 23 хувь нь ноцтой алдагдсан байгаа бол Улаанбаатар хот болон хангайн бүсэд хүнсний баталгаат байдал алдагдсан өрхийн эзлэх хувь хамгийн өндөр байгаа юм.
Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид энэ оны эхний 5 сарын байдлаар 4185 хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний дээжид 14491 үзүүлэлтээр шинжилгээ хийснээс 227 дээж стандартын шаардлагад нийцээгүй гарсан байна. Иймээс лабораторид суурилсан хяналт, тандалтын тогтолцоог бэхжүүлэхийн тулд улсын хэмжээнд хүнсний аюулгүй байдлын лабораториудыг олон улсын түвшинд хүргэх, тодорхойлох үзүүлэлтийн тоог нэмэгдүүлэх шаардлага байгаа аж.
Түүнчлэн хөрс, агаарын бохирдол нь хүнсний аюулгүй байдал алдагдах нэг нөхцөл болдог байна. Уулзалт, семинарт 21 аймаг, нийслэл, дүүргийн эрүүл мэнд, боловсрол, хүнс, хөдөө аж ахуй, халамж үйлчилгээний ажилтнууд, яам, Засгийн газрын агентлагийн удирдлага, мэргэжилтнүүд оролцож буй билээ. Тэд энэ семнараар Засгийн газраас баталсан “Хүн амын хоол тэжээл үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний төсөл, “Хүн амын хоол тэжээлийн байдал” үндэсний 5 дугаар судалгааны “Бодлогын зөвлөмж”-ийг хэрэгжүүлэх зарчим, арга замыг боловсруулах боловсруулах юм.