Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хадын булаг багийн “Эрэгцэг” гэдэг газарт сумын төвөөс зүүн хойд зүгт 30 км-т хээрийн түймэр гарчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн 18 алба хаагч, орон нутгийн 13 иргэн, нийт 31 хүн, 3 автомашинтай ажиллаж түймрийг бүрэн унтраажээ. Түймэрт 3000 га талбай шатсан байна.
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн “Шарлангын гол” гэдэг газар гарсан түймэр зүүн урд, урд хэсгээрээ дахин ассан. Харин шиврээ бороо орж, түймрийн тархалт зогссон, захаараа бага зэргийн уугилттай, унанги ихтэй тул ОБЕГ алба хаагчид, орон нутгийн иргэд цэвэрлэгээ хийж, бүрэн унтраахаар ажиллаж байгаа талаар мэдээлсэн билээ. Түймэрт урьдчилсан байдлаар 23922 га талбай шатсан байна.
Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн МИ-171Е нисдэг тэргээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Байгаль орчин, аялал жуучлалын газрын дарга Б.Оюунсанаа, Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, дэд хурандаа Ц.Нямбаяр нараар ахлуулсан 5 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг түймрийн нөхцөл байдалтай танилцах, удирдлага, зохион байгуулалтаар хангах зорилгоор түймрийн голомт руу нислэг үйлдсэн байна.