Замын цагдаагын газар, НИТХ-аас авто зогсоолыг цэгцлэх арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа аж.
Ингээд НИТХ авто зогсоолын багтаамжийг үйлчлүүлэгч, иргэдэд зориулан нэмэгдүүлж ашиглалтыг сайжруулах талаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдэхээр болжээ.
-Төр, худалдаа, үйлчилгээний байгууллагын гаднах авто зогсоолын 70-аас доошгүй хувийг үйлчлүүлэгчдэд ашиглуулахаар зохион байгуулах, сайжруулах арга хэмжээ авах,
-Төр захиргааны болон бусад байгууллагын гаднах зогсоолын талбайг ажлын бус өдөр нийтийн зориулалтаар үнэ төлбөргүй ашиглуулах,
-Авто зогсоолын мэдээллийн нэгдсэн цахим сүлжээтэй болгож ашиглах, төлбөрийн уян хатан нөхцлийг бүрдүүлж хэрэгжүүлэх,
-Зогсоолын зөрчилд хариуцлага хүлээлгэхэд олон нийтийн цагдаагийн ажилтныг ажиллуулахыг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн ажиллуулах асуудлыг шийдэхээр болсон байна.
Замын цагдаагын газраас хийсэн судалгаагаар Улаанбаатар хотын Их тойруугийн дотор гэхэд л төрийн 286 байгууллагад 28993 алба хаагч ажиллаж байна.
Тэдний 11402 нь нийтийн тээврээр, 4698 нь явганаар, 12893 нь хувийн автомашинаар ажилдаа явдаг гэнэ. Ингээд хамгийн багадаа 3 км, хол нь 10 орчим км замыг автомашинаар туулж өдрийн турш зогсоол бөглөж сойдог аж.
Энэ нь:
-Замын ачааллыг нэмэгдүүлдэг
-Авто зогсоолын хүртээмжийг шууд бууруулдаг сөрөг талтай. Өглөөний 09 цагт төрийн байгууллагын гаднахь болон худалдаа үйлчилгээний байгууллагуудын зогсоолууудын 90 хувь нь дүүрдэг байна. Үүнээс гадна төрийн болон хувийн хэвшлийн зарим байгууллагуудын гаднах зогсоол амралтын өдөр хаалттай байдаг. Иймд тухайн орчинд зогссон жолооч нар автомашинаа ачуулах, торгуулах үзэгдэл хэвшчихжээ.
Хөдөлгөөн саад учруулдаг нэг шалтгаан нь зогсоол хайх. Тухайлбал, нийт жолоочийн 25 хувь нь зогсоол хайж 15-20 минутанд 300-500 метр замыг 10-15 км/цагийн хурдтайгаар туулдаг байна. Ингэсний эцэст дөнгөж 13 хувь нь зогсоол олдог судалгаа бий.
Баянгол дүүргийн 3,4-р хороололд дэлгүүр худалдаа, үйлчилгээний газар төвлөрсөн газар. Тэгвэл өглөөний 08.30 - 09.00 цагт эдгээр хоорооллын авто зогсоол аль хэдийн дүүрдэг. Судалгаанд дурдсанаар эдгээр хорооллын зогсоолын 60 хувь нь тухайн орчмын байгууллага, компанийн ажилчдын буюу лангуу түрээслэгчдийнх. Харин 10 хувь нь эздүүдийнх, 5 хувь нь авто машинаа зогсоол дээр тавиад багажнаасаа худалдаа хийдэг иргэдийн эзэмшил болж хувирдаг байна. Ингээд үлдсэн нь үйлчлүүлхээр ирэх иргэдэд ногдоно. Иймд нэгдүгээр эгнээнд авто машинаа тавьж хөдөлгөөнд саад учруулах, ачуулах асуудал гардаг.
Хэрэв үйлчлүүлэгч нарт зогсоолыг чөлөөлж өгвөл хөдөлгөөний хэт их ачаалал 30 хувиар буурах судалгаа гараад байна. Мөн төрийн байгууллага болон худалдаа үйлчилгээний байгууллагуудын зогсоолын 70 хувь нь үйлчлүүлэгч иргэдэд зориулагдсан байх ёстой.
Харин авто зогсоол дээр дүрмэнд заагдсан байрлалаар зогсоогүй, зогсолт зогсоолын журам зөрчсөн зөрчил ихээхэн гардаг. Жишээлбэл, гурван авто машин зогсоолд ганцаараа хөндлөн зогсох явдал ажиглагддаг.