Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутагт орших Алтан овоог Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2018 оны 7 дугаар сарын 27-29-ний өдрүүдэд тахихаар болжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн, Сүхбаатар аймгийн Нутгийн зөвлөлийн дарга Ч.Улаан, Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар нар мэдээлэл хийлээ. Сүхбаатарчууд төдийгүй Монгол түмэн нийтээрээ тахин сүслэн дээдэлдэг энэхүү овоог тахихтай холбогдуулан Зохион байгуулах комиссын зүгээс “Алтан овооны дуулал” хандивын тоглолтыг энэ сарын 30-ны өдөр “UB palace”-т зохион байгуулахаар болсон байна. Тоглолтод Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” хөгжимт жүжгийн театрын уран бүтээлчид болон Үндэсний урлагийн их театрын бүжигчид, МУГЖ хийлч Л.Мөнхцэцэг, МУСТА дуучин О.Хүрэлбаатар, Д.Осгонбаяр, МУСТА саксофончин Г.Болдбаатар нар оролцож уран бүтээлийн дээжээ өргөн барих аж.
Алтан Овоо нь Дарьганга сумын төвийн дэргэд оршдог, 1354м өндөр, унтарсан галт уул юм. Дарь-Овоо, Алтан Дарь Овоо гэж бас нэрлэдэг овооны амсар нь баруун хойшоо сэтэрч урссан бөгөөд хүрмэн чулуу ихтэй.
Дарьганга сум нь тал хээрийн бүст орших тул Алтан овоо нь аль ч талаасаа 60 км зайд бараа нь дүнхийн харагддаг юм.
Алтан Овоог 1700-аад оноос нутгийн иргэд тахиж эхэлсэн бөгөөд 1913 оноос төрийн их тахилгатай болгосон байдаг. Социализмын үед овоогтахих зан үйл тасалдаж байгаад 1990-ээд оноос дахин сэргээж, 2004 оноос эхлэн төрийн тахилгат уул болгожээ.