Буриад үндэстний “Алтаргана” их наадам долдугаар сарын 20-22-нд ОХУ-ын Агын Буриадад болно. Анх Хэнтий аймагт Буриад дууны уралдаанаар гараагаа эхэлж байсан тус наадам өдгөө Буриад үндэстний хэмжээнд хүсэн хүлээдэг томоохон наадам болтлоо хүрээгээ тэлжээ.
Тус наадмыг 1994 оноос эхлэн хоёр жил тутамд зохион байгуулах болсон бөгөөд 2002 онд анх удаа хил дамнан Агын Буриадад болж байсан бол энэ жил мөн түүх давтагдаж байгаа аж.
“Алтаргана” наадамд Монгол орны өнцөг булан бүрт амьдарч байгаа 600 гаруй Буриад үндэстэн оролцох юм байна. Тус наадмыг БСШУЯ, Орос-Монголын нийгэмлэг, “Монголын Буриадын сан” холбоо зэрэг олон байгууллага хамтран зохион байгуулдаг ба нийт 21 номинацаар шилдгээ тодруулах гэнэ.