Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Агваандондов: Уул уурхайн талаар ямар ч мэдлэггүй малчнаас зөвшөөрөл авахын тулд мөнгө л амлах болдог

Л.БАТБААТАР

Монгол Улс нь нүүрс, зэс, алт, хайлуур жонш, гянт болд, төмрийн хүдэр зэрэг эрдэс баялгийн нөөцөөрөө дэлхийн дээгүүрт эрэмбэлэгддэг. Өнөөдөр энэ их баялгаа хэрхэн зөв зохистой ашиглаж улмаар хөгжил дэвшлийн нэг хөдөлгүүр болгох вэ гэдэг асуудал дээр дооргүй “шүдний өвчин” болж.  “Эрдэс баялаг 2025” хэлэлцүүлгийг Орон нутгийн цогц хөгжил-түншлэл” сэдвийн хүрээнд Уул уурхайн яам, ХБНГУ-ын Хамтын ажиллагааны нийгэмлэг хамтран өчигдөр зохион байгууллаа.

Баянхонгор, Увс, Өвөрхангай, Сэлэнгэ аймагт ХБНГУ-ын Хамтын ажиллагааны нийгэмлэгээс “Орон нутгийн цогц- түншлэл” төсөл  хэрэгжүүлээд жил гаруй хугацаа өнгөрчээ. Төслийн зорилго нь уул уурхайн салбарын орлого, үйл ажиллагаа, нийгмийн хариуцлагын талаар хөдөө орон нутгийн иргэдэд  үнэн зөв мэдээлэл хүргэх, оролцогч талуудыг чадавхижуулах. Компаниудын нийгмийн хариуцлагаа ухамсарлаж биелүүлэх явдал харилцан адилгүй байдаг нь тухайн компанийн санхүүгийн чадвар болон ямар төрлийн ашигт малтмал олборлосноос  шалтгаалдаг хэмээн холбогдох албаныхан онцолсон. 

Төсөлд хамрагдсан дөрвөн аймгийн уул уурхайн компанийн төлөөлөл болох 40 гаруй аж ахуй эрхлэгч хэлэлцүүлэгт оролцож санал бодлоо хэлсэн. Хайгуулын тусгай зөвшөөрөл авахын тулд орон нутгийн иргэдээс санал авна гэж хуульчилсныг буруу шийдвэр болсон хэмээн тэд үзэж байна. Энэ талаар Сэлэнгэ аймгийн “Шар нарст” компанийн захирал Б.Агваандондов “Хөдөө орон нутагт уул уурхайн үйлдвэрлэл эрхлэхэд орон нутгийн төр захиргааны байгууллагатай хамтран ажиллах нь чухал. Ер нь, Монгол Улс даяар уул уурхайн бизнес  эрхлэгчдийг байгаль сүйтгэгч дайсны хэмжээнд үздэг нь нууц биш. Уул уурхайн бизнес эрхлэгчид Монголыг сүйрүүлж байна гэсэн ойлголтыг орон нутгийн иргэдэд төрүүлсөн. Гэтэл уул уурхайн салбар л Монголын хөгжлийг авч явна. Харин зөв менежментээр удирдах хэрэгтэй. Хайгуулын зөвшөөрөл авахын тулд аргал түүгээд явж байгаа малчнаас “Манай компани энд ашигт малтмал олборлох гэж байна. Та зөвшөөрнө үү” гэж гуйж явах жишээтэй. Уул уурхайн талаар ямар ч мэдлэггүй малчнаас зөвшөөрөл авахын тулд мөнгө л амлах болно. Хууль эрх зүйн орчин л тунгалаг болбол уул уурхайн салбарын үйл ажиллагаа тунгалаг болно.
Манай компаниуд  нөхөн сэргээлтийг ажлыг хангалттай хэмжээнд хийж чаддаг болсон” гэв. Уул уурхайн бизнес эрхлэгчид хууль эрхзүйн тунгалаг орчин хүсч байгааг төрийн зүгээс хэрхэн шийдвэрлэж буй талаар салбарын сайд нэлээн дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.

Уул уурхайн сайд Р.Жигжид “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого, Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, Цөмийн энергийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, Төсвийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, Хүний хөгжил сангийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Уурхай дахь аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 176 дугаар конвенцид нэгдэн орох тухай, Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар батлуулан мөрдөж холбогдох дүрэм журмыг боловсруулаад байна. Үүний үр дүнд геологи, уул уурхай, газрын тосны салбарын эрх зүйн орчин ойлгомжтой, өрсөлдөх чадвартай болж урт хугацаанд тогтвортой ажиллах, орон нутгийн хөгжил дэвшилд тодорхой ахиц гарах тоотой нөхцөл бүрдлээ. Олон улсын зах зээлд түүхий эдийн үнэ унасан хэдий ч 2015 онд 250 гаруй уурхай, үйлдвэр идэвхтэй үйл ажиллагаа явуулж, дотоодын нийт бүтээгдэхүүний 16.1 хувь, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 67.2 хувь, экспортын орлогын 78.8 хувийг уул уурхайн салбар дангаараа бүрдүүлсэн байна. Оюутолгойн ордын далд уурхайн санхүүжилт, Эрдэнэт үйлдвэрийн өргөтгөл зэрэг эдийн засагт томоохон байр суурь эзлэх төслийг амжилттай хэрэгжүүлснээр улс орны хөгжилд томоохон ахиц дэвшил авчирлаа. Гэвч салбарын хэмжээнд тулгамдсан асуудал байсаар байна. Тухайлбал, зам тээвэр, эрчим хүч, усан хангамж, зэрэг дэд бүтцийг байгуулах замаар өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинг ахиулах, мэргэжилтэй боловсон хүчин, хүний нөөцийн хангамжийг сайжруулах, бичил уурхайгаас ашигт малтмал олборлох эрх зүйн орчныг боловсронгуй болгох, төрөөс тогтоосон талбайд ашигт малтмал эрэх, хайх үйл ажиллагааг эрчимжүүлэх, тусгай зөвшөөрөл эзэмшигч орон нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудлыг нэн даруй шийдвэрлэх шаардлагатай байна” гэсэн юм.
Уул уурхайтай холбоотой харилцааг оновчтой шийдэхийн тулд  УИХ хэд хэдэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан.  Энэ талаар Уул уурхайн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү “Монгол Улсын тэргүүлэх эдийн засгийн салбар бол уул уурхай гэдгийг дээр дооргүй хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ орон нутгийн хэмжээнд уул уурхайн салбарыг дэмжих асуудал хангалтгүй хэмжээнд байна. 2015 оноос хайгуулын тусгай зөвшөөрлийг шинээр олгож эхэлсэн. Хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохдоо орон нутгийн иргэдээс  заавал санал авах ёстой. Хайгуулын тусгай зөвшөөрөл  хүссэн саналыг хөдөө орон нутгийн иргэд маань төдийлөн дэмждэггүй. Яамны зүгээс уул уурхайн салбарын нэр хүндийг дээшлүүлэх талаар хэд хэдэн бодлого хэрэгжүүлж байна. Тухайлбал, Төсвийн тухай болон Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар уул уурхайн салбараас олсон  орлогын тодорхой хувийг орон нутагт олгох эрх зүйн зохицуулалт бий болсон. Ингэснээр, тусгай зөвшөөрлийн 50 хувь,  ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 30 хувийг аймаг, суманд нь “Орон нутгийн хөгжлийн сан”-гаар дамжуулан нэмж олгож байна” гэв.

Хэлэлцүүлэгт орон нутгийн төр захиргааны байгууллагын төлөөлөн оролцсон Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга З.Ганболд  “Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийн хөтөлбөрийн “Эрдэс баялгаа түүхий эдийн иж бүрэн санаачилга” гэсэн төсөлд Увс аймаг хамрагдсан. Хөтөлбөрийн гол зорилго нь тухайн орон нутгийн хөгжилд уул уурхайн компаниудыг татан оролцуулах юм. Аймгийн хувьд уул уурхайн талаар нэгдсэн цэгцтэй бодлого барьж ажилладаг. Цөөн тооны аж ахуйн нэгжид нүүрс, төмрийн хүдэр, газрын тос зэрэг ашигт малтмалын ашиглалтын лиценз олгосон. Өнгөрсөн жилээс Увс аймагт газрын бүтээгдэхүүн хуваах гэрээгээр газрын тос хайж эхэлсэн” гэлээ.

 “Айлаас эрэхээр авдраа уудал” гэгчээр Монгол Улс өөрсдийнхөө хүчээр хөгжих гэж зүтгэх л ёстой цаг нь ирчихсэн гэдгийг оролцогчид дуу нэгтэй хүлээн зөвшөөрч байгаа харагдсан. Гагцхүү хууль эрх зүйн таатай орчин дутагдаж байна гэдэг нь ч тодорхой байлаа. Байгалийн баялаг ихтэй асар уудам нутагтай цөөн хүн амтай оронд хөгжих гэдэг нь цаг хугацааны асуудал мэт санагдана.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан