Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Говийн их дархан газар А,Б - Монгол Улсын дархан цаазат газар

Говийн их дархан газар нь А, Б гэсэн хоёр хэсэгтэй. А хэсэг нь Баянхонгор, Говь-Алтай аймгийн хамгийн урд захын улсын хилээс нааш 100 орчим километр өргөн газрыг хамарна. Энд Эдрэнгийн нуруу, Атас, Чингис, Сэгс цагаан богд, Арсланхайрхан, Шивээт-Улаан, Ланзат, Цувилуур харын нуруу, Хуцын шанд зэрэг уулууд, Номин, Цэнхэр зэрэг нүд алдам уудам говийн хөндийг багтаасан 45149 хавтгай дөрвөлжин километр талбай бүхий нутаг юм.

Б хэсэг нь Ховд, Говь-Алтай аймаг дахь улсын урд хилээс нааш 80 километр өргөн газрыг хамрах бөгөөд энд Алтайн өвөр говь, Зүүнгарын говь, Баруунхуурай, Борцонжийн говийн өмнөд хэсэг, Хонин усны говийг багтаасан 7986 хавтгай дөрвөлжин километр талбай бүхий нутаг юм. Говийн их дархан газарт элсэн толгод бараг байхгүй бөгөөд ихэнх нутаг нь хуурай цөлийн бүсэд хамаардаг хэдий ч 396 зүйлийн ан амьтан, 400 гаруй зүйлийн ургамалтай. Хавтгай, хулан, мазаалай, ирвэс зэрэг хөхтөн амьтан, суусар, хойлог, ёл зэрэг шувууд амьдардаг. Сухай, хармаг, зэгс, тоорой зэрэг ургамал ургадаг. Энэ бүгдийг агуулсан Эхийн гол, Цагаан бургас, Шар хулс, Талын мэлтэс гэх мэт үзэсгэлэнт баян бүрдүүд бий. Говийн их дархан газрыг ЮНЕСКО-гийн шим мандлын нөөц газрын сүлжээнд “Дэлхийн гайхамшигт үнэт зүйл болох нь” гэдэг зэрэглэлээр 1996 онд дэлхийн байгалийн өвд бүртгэн авчээ. Нийт дархалсан талбайн хэмжээ нь 5 311 730 га юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан