Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АРВАН НАЙМЫН БОГД УУЛ

Дорноговь аймгийн Мандах сумын нутагт байдаг. Манжийн үед манжийн элч төлөөлөгч нар албан бичгийг яаралтай нэвтрүүлэн зохих газарт нь хүргэх зориулалттай цэрэгжүүлсэн морин өртөөг Манжууд XYIII зууны эхэн үед байгуулж мөн зууны сүүлчээр дуусгасан ажээ. Энэ өртөө нь Бээжингээс Өвөр Монгол, Ар Монгол, Баруун хязгаар зэрэг Монголчууд нутагладаг байсан гол зангилаа газруудтай холбогддог байсан байна. Энэ өртөөг “буухиа өртөө” гэж нэрлэдэг байжээ. Өртөөний Бээжингээс Улиастай хүрэх замд 72 суурь байсны 8 суурийг хятадууд, дараачийн 8 суурийг Цахарууд залгуулдаг байжээ. Залгуулаад Харчины 36 өртөө эхэлдэг байв. Энэ 36 өртөөний 18 дахь өртөө нь Арван наймын Богд уулын хавьд байжээ. Энэ уул нь далайн төвшнөөс дээш 1300 метр өргөгдсөн уул бөгөөд хайрханы орой сэтэрхий мэт харагддаг. Үүнтэй холбоотой домог нь Их эзэн Чингис хаан Хатанбулаг сумын Эргэлийн зоон дээрээс харваж сэтэлсэн гэх бөгөөд тэр сэтэрсэн орой нь энэ уулын ард тогтсон гэдэг. Нутгийн хүмүүс дэргэд нь нэрийг нь хэлэхийг цээрлэдэг Товх хэмээх уул ажээ. Цааш цацагдсан шороо нь Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт байх Тоодог, Тогоруут гэдэг газрууд гэнэ. Арван наймын Богд ууланд аргаль, янгир, түүний орчинд хулан, хар сүүлт зэрэг ховор хөхтөн, үнэг, хярс, чоно зэрэг бусад агнуурын амьтад бий.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан