Английн “БИ ЖИ” групп нь байгалийн хийн хайгуул, олборлолт, шингэрүүлсэн хийн нийлүүлэлтээр дэлхийд тэргүүлэгч гэдгийг олон улсад хүлээн зөвшөөрдөг. 45 тэрбум ам.долларын зах зээлийн үнэлгээтэй, олон улсын эрчим хүчний бизнесийн чиглэлээр таван тивд үл хөдлөх хөрөнгөтэй, 23 улсад үйл ажиллагаа явуулдаг, 70 гаруй үндэстний 5200 ажиллагсадтай. Өнгөрсөн 15 жилд Индонез, Казахстан, Австрали, Их Британи, Египет, Танзани, Боливи, Бразил улсад 500 сая баррелиас их нөөцтэй 15 том ордыг илрүүлсэн. Мөн өнгөрсөн хоёр жилд 17 улсад хайгуулын үйл ажиллагаа явуулахад 1,6-1,8 тэрбум ам.доллар зарцуулсан. Чухам яагаад Английн энэ компанийг онцлон тоо баримт дурдаад байна вэ хэмээн гайхаж байна уу. Учир нь өчигдөр тус компани Газрын тосны газартай фармаутын гэрээг байгуулснаа албан ёсоор баталгаажууллаа.
Газрын тосны хайгуулын Богд IV, Онги V талбайд хамтрахаар байгуулсан фармаутын гэрээ ёсоор Монголд нийт 28 сая ам.долларын хөрөнгө оруулалт нэн түрүүнд орж ирнэ. Энэ жил хайгуулд 13,6 саяыг, ирэх жил 13 саяыг зарцуулах гэнэ. Зөвхөн газрын төлбөрт 1,4 сая ам.доллар Монголд шилжүүлнэ. Энэ талаар хэзээ ийн тохиролцоонд хүрчихэв ээ хэмээн анзаарч хардахаас өөр аргагүй. Тэгвэл анх Монгол Улсын Засгийн газар энэ талбайд “Сентрал Азиан Петролеум корпорэйшн лимитэд” компанитай бүтээгдэхүүн хуваах гэрээг 2009 онд онд байгуулсан юм. Тус компани нь Монголд үйл ажиллагаа явуулах оператор компаниар “Карпкоп Монголиа” ХХК-ийг байгуулж гэрээгээр хүлээсэн ажлаа эхэлсэн байна. “Карпкоп Монголиа” компани нь 2009-2013 онд газрын тосны хайгуулд 12,9 сая ам.доллар зарцуулж, хоёр талбайд каротажийн иж бүрэн судалгаа хийжээ.
Богд IV талбай нь Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай аймгийн нутгийг хамарсан 28998,6 км.кв газар, Онги талбайд Дундговь, Өвөрхангай, Өмнөговь аймгийн нутгийг хамарсан 21148,7 км.кв хэмжээтэй газар юм. Өнгөрсөн жил чичирхийллийн судалгааны урьдчилсан таамгаар Богд IV талбайд 60-100 сая тонн, Онги V талбайд 22-24 сая баррель газрын тосны нөөц байж болзошгүй гэсэн юм.
Ийн ажил өрнөж байсан ч анхны гэрээ байгуулсан “Сентрал Азиан Петролеум корпорэйшн лимитэд” компани нь Монгол Улсын Газрын тосны газарт 2015 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр албан тоотоор Богд IV, Онги V талбайд байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээний эрх үүргийнхээ 78 хувийг Их Британий “Би Жи” группт шилжүүлэх хүсэлт гаргасан байна. Энэ хүсэлтийн дагуу Засгийн газрын тавдугаар сарын 4-ний өдрийн тогтоолоор “Сентрал Азиан Петролеум корпорэйшн лимитэд” компанийн Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр хүлээсэн эрх үүргийг хэсэгчлэн шилжүүлэх эрхийг нь олгожээ.
Ийн дэлхийд алдартай Их Британийн “Би Жи” компани Монголд хөрөнгө оруулагч болсон аж. Бүтээгдэхүүн хуваах гэрээ ёсоор газрын тосны хайгуулд Монголын Засгийн газраас нэг ч төгрөг зарцуулахгүй. Газрын тос олдлоо, олборлоно гээд ажил эхэлбэл Монголын Засгийн газар 47 хувийг нь авна. Харин олборлох боломжгүй тохиолдолд компани эрсдэлээ үүрэх юм байна. Гэрээнээс харвал төсөл ямар ч байсан Монголд, Монголын Засгийн газарт хохиролгүй наймаа бололтой.