Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.Адьяасүрэн: Монголд 2040, 2050 онд бороо орохгүй болох шинж тэмдэг ажиглагдаж эхэлсэн


-Нийт нутаг дэвсгэрийн 70 гаруй хувь нь элэгдэл, бэлчээрийн доройтолд орсон-

Т.ЖАНЦАН

“Эко-Ази” байгаль орчин, менежментийн дээд сургуулийн захирал, доктор Ц.Адьяасүрэнтэй уур амьсгалын өөрчлөлт хийгээд үүний эдийн засгийн нөлөөллийн талаар ярилцлаа.

-Уур амьсгалын өөрчлөлт эдийн засагт хэрхэн нөлөөлж байна вэ?
-Дэлхийн хэмжээнд уур амьсгалын өөрчлөлт болж байна. Цаашид уур амьсгалын өөрчлөлтийн хурд энэ эрчээрээ байвал дэлхийн эко систем, улс орнуудын эдийн засаг, нийгэмд сөргөөр нөлөөлөх нь тодорхой. Судлаачид жилд хоёр хэмээр дулаараад ирвэл хүн, амьтан амьдрахад бэрхшээлтэй болно гэж үздэг. Монгол оронд өнгөрсөн өвөл дулаахан сайхан боллоо. Жил бүр ийм дулаахан өвөл болох магадлал өндөр. Гэвч дулаахан өвөл болж байгаа нь цаанаа ихээхэн хор уршиг дагуулдаг юм. Тухайлбал, өвөл цас орохгүй дулаарч буйгаас говь, тал хээрийн нутагт мал усгүйдэхэд хүрч байна. Ингээд харын зуд болж болзошгүй байдалд орчихлоо. Өөрөөр хэлбэл эдийн засаг, нийгэмд асар их хор уршиг тарих нөхцөл бүрдээд байна. Тэгэхээр эдийн засаг нийгмээ уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицуулах шаардлага тулгарч буй юм.

-Тэгэхээр яаж зохицуулах шаардлага гарч байна гэж та байгаль орчны мэргэжлийн хүний хувьд бодож байна вэ?
-Зундаа бороо орж өвөлдөө дулаан байгаа энэ нөхцөл байдлыг ашиглаж үер, хурын усыг хуримтлуулж авч үлдэх хэрэгтэй. Үүнийгээ 40-50 жилийн дараа ашиглахаар төлөвлөж том том усан сангууд байгуулах шаардлага бий. Өнөөдөр усан цахилгаан станцууд барих төсөл хэрэгжүүлж эхэлж буй нь сайн хэрэг. Энд тодорхой хэмжээний ус хуримтлагдана. Эдгээрээс гадна тухайн орон нутагт тохирсон бичил хэмжээний усан сангууд бас байгуулж болно. Өнөөдөр уул уурхайгаас орсон мөнгийг хуримтлуулах ёстой гэдэг. Энэ бол нэг хэрэг. Үүнээс гадна усан хуримтлал бас үүсгэх нь илүү чухал.  Уул уурхайгаас орсон хөрөнгийн тодорхой хэсгээр ирээдүйд хэрэглэх усны нөөц бүрдүүлэх нь чухал юм. Монгол нутагт  2040, 2050 оны үед бороо орохоо болих шинж тэмдэг одоо ажиглагдаж байгаа. Тэгэхээр монголчуудад усгүй харангадах аюул нүүрлэнэ гэсэн үг. 

-Гэтэл амьдрал дээр өнөөдөр уул уурхайн орлогоо хуримтлуулж чадахгүй, улсын төсөв бүрдэхгүй байгаа. Ийм нөхцөлд ус хуримтлуулах төсөлд мөнгө зарцуулах мөнгө олдохгүй юм шиг санагдаж байна. Энэ талаар ямар байр суурьтай байна вэ?
-Тийм. Өнөөдөр бидэнд мөнгө алга. Харин манай уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдад мөнгө бий. Тэд уурхайгаа ажиллуулахын тулд ус хэрэгтэй. Гэтэл тэр ус нь говьд байхгүй. Иймд уурхай нээж буй компаниудын хөрөнгө оруулалтаар усан сан байгуулах, түүнийг татаж авах шугам хоолой барих шаардлага тавих хэрэгтэй гэж бодож байна. Тэгэхээр борооны үерийн усыг хуримтлуулахын тулд голынх нь хажууд газар доогуур хэдэн арван км үргэлжлэх, хоорондоо холбоотой усан сангууд хийх ёстой. Энэ усаа тусгай хоолойгоор говь руу татаж болно.

-Орхон, Сэлэнгэ гээд томоохон гол, мөрөн дээр усан цахилгаан станц барих, усан бүрдүүлэх, говь руу ус татах гээд хэд хэдэн төслүүд хэрэгжүүлэхээр нэг хэсэг яриад таг чиг болсон. Үүний шалтгаан нь юу байв?
-Уг нь, усан сан бүрдүүлэх төслүүд хэрэгжүүлэх хэрэгтэй. Гэтэл ОХУ-ын зүгээс шахалтад ороод зарим төслүүд зогсчихсон. Монгол орны нутаг дээр үүссэн байгалийн нөөц баялаг бол бидний л өмч. Хил даваад урсч байгаа усыг тодорхой хэмжээнд гаргана. Гэхдээ экологийн даацаас хэтрүүлэн ашиглаж болохгүй. Хамгийн гол нь бороо, үерийн илүүдэл усыг ашиглах бүрэн боломжтой юм. Шинжлэх ухаан технологи хөгжсөн өнөө үед бид байгаль дэлхийн нөөц баялгийг зохицуулаад амьдрал ахуйдаа ашиглах ёстой.

-Та өмнө нь Монгол оронд бороо орохгүй байх шинж тэмдэг илэрч эхэлсэн гэж хэлсэн. Тэгэхээр манай оронд дэлхийн дулаарал ямар хэмжээнд байна вэ?
-Монгол орны уур амьсгал одоогоор 2.1 хэмээр дулаараад байгаа. Нийт нутаг дэвсгэрийн 90 хувь нь цөлжих өндөр магадлалтай. Одоогоор 70 гаруй хувь нь элэгдэл, бэлчээрийн доройтолд ороод байна. Энэ нь цөлжиж байгаагийн илэрхийлэл. Цөлжилт гэдгийг говьтой хутган ойлгож болохгүй. Говь тэртэй тэргүй байгаль экологийн хувьд хэдэн сая жил оршин тогтносон цөл нутаг. Тэгэхээр тал болон ойт хээрийн бүс нутагт цөлжиж эхэлсэн. Жишээ нь, Архангай аймгийн наад талын нутаг цөлжөөд байна. Цөлжилтийн үндсэн шалтгаан нь хуурайшилт. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр сүүлийн жилүүдэд хуурайшилт үүсэх нь нэмэгдсээр байна. Өөрөөр хэлбэл уур амьсгал дулаарахаар цөлжих явцыг удаашруулдаг цэвдэг хайлж буй юм. 

-Тэгвэл уур амьсгалын өөрчлөлтөөс гадна цөлжилтөд ямар ямар хүчин зүйлс нөлөөлж байна. Цөлжилтөөс хэрхэн сэргийлэх арга зам юу вэ?
 -Цөлжилтөд нөлөөлж буй хэд хэдэн хүчин зүйл бий. Нэгдүгээрт, мал аж ахуйн салбар нөлөөлдөг. Бэлчээрийн даацыг хэтрүүлэн ашиглаж байна. Хоёрдугаарт ойгоо зохисгүй ашиглаж ирсэн. Модоо хулгайгаар огтлох, хортон шавьжинд идүүлэх, түймэрт өртөх зэргээр сүйтгэж буй юм. Гуравдугаарт уул уурхай цөлжилтөнд нөлөөлөх болсон. Гэхдээ яг уурхай ажиллаж байгаа хэсэгт л цөлжиж байгаа. Түүнээс биш лицензээр авсан бүх талбайд нь одоогоор цөлжилт үүсээгүй. Харин уурхайн нөхөн сэргээлт маш муу байна. Өнөөдөр уул уурхайд өртсөн талбайн нутгийн нөхөн сэргээлт 50-60 хувьтай гэдэг. Гэвч үнэн хэрэгтээ ашигласан талбайн хэсгээ л яриад байгаа болохоос нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд аваад үзвэл маш бага юм. Цаашид уул уурхайг эдийн засгийн нэг тулгуураа гэж байгаа бол хариуцлагатай уул уурхайг л хөгжүүлэх учиртай. Өөрөөр хэлбэл, уул уурхай олон нийтэд нээлттэй, байгаль орчноо зохистой ашиглаж нөхөн сэргээлт хийдэг, тайлагнах зэргээр ажиллах ёстой юм. Гэтэл энэ бүгдийг өнөөдөр хийлгүй том том нүх үлдээсэн уурхайнууд ажилласаар байна. Ийм байж болохгүй. Дөрөвдүгээрт, улс төрийн буруу бодлого цөлжилтөд нөлөөлдөг. Манай улсын нийт газар нутгийн 80 хувь нь бэлчээр. Гэтэл бэлчээрийг ямар ч төлбөргүйгээр ашиглуулж байна. Нэгэнт газар ашиглаж байгаа бол тодорхой хэмжээний төлбөр төлөх ёстой. Малчдыг малын хөлийн татвараас чөлөөлсөн нь цөлжилтөд хувь нэмэр оруулах болсон. Бэлчээрийн төлбөрийг тухайн орон нутгийн иргэд хуралдаж байж тогтоох хэрэгтэй юм. Тэгэхдээ бүх малчдаас ав гэж байгаа юм биш. Доройтолд орсон газарт малаа бэлчээдэг бол төлбөр төлнө. Ашигладаггүй газарт өөрийн хөрөнгөөр худаг ус гаргаад ашиглаж буй бол татвараас чөлөөлдөг механизмтай болгох шаардлага бий.  Ер нь, бэлчээрээ ариг гамтай хамгаалж, ашиглаж байвал төлбөрөөс чөлөөлдөг байх юм. Малыг хувьчилсан нь эдийн засгийн хувьд зөв. Гэхдээ дөрвөн улирлын турш нэг газраа тойрч маллаж байгаа нь цөлжилт үүсгэх, бэлчээрийн даац хэтрэх, татвар ногдуулах нэг шалтгаан болсон гэдгийг ойлгох хэрэгтэй.
 
-Ширгэсэн гол, горхи, нуурын тооллого судалгаа ойрын хугацаанд хийсэн үү?
-Манай улс 2007, 2011 онд тооллого хийсэн. Тэгэхэд ширгэж хатсан гол, горхи, нуурын тоо өмнөх тооллогоос нэмэгдсэн байдаг. Иймд манай улсын нутагт хуурайшилт эрчимтэй байгаа гэж дүгнэх нэг үндэс болж буй юм. Сүүлийн гурван жилд сайхан зун боллоо. Наран дээр болж буй процессын нөлөөгөөр экологийн 12 жилийн цикл байдаг. Одоо аятай таатай 12 жил эхлээд байгаа. Тийм учраас зуншлага сайхан болж буй юм. Энэ зун ч сайхан болох нь тодорхой. Үүнд бид тайвширч болохгүй. Дахиад л муудаад эхэлнэ гэсэн үг. Иймээс дахин хэлэхэд усан сангууд байгуулах нь чухал. Өнөөдөр дэлхийн уур амьсгал өөрчлөгдөж, хүмүүсээс тусламж гуйгаад байгааг хүн бүр ухаарах хэрэгтэй. Байгалийг хэтэрхий дарамталж ашиглаж болохгүй.

0 Сэтгэгдэл
Англи хэл дээр уран зохиолын ном уншиж, ойлгож , орчуулж сурах 1 сарын вакуум курс 6-р сарын 5-нд эхэллээ. 7 хоногийн 6 өдөр, өдөр бүр 10-18 цагийн хооронд хичээллэнэ. Шатлалтай уран зохиолын номууд дээр сонсох, бичих, орчуулах дадлагын ажлуудыг нэгэн зэрэг гүйцэтгэнэ. Ярианы 3 түвшний материал дээр харилцан ярианы дадлага хийнэ. Өдөр бүр 1 текстийг сонсож, орчуулж, цээжилнэ. Тэвчээртэй, зорилготой хүүхэд, залуучуудыг урьж байна. Утас:94050620..
Хамгийн их уншсан