Үйлдвэрлэгчид үнээ нэмж, эцэст нь бидний уух аяга кофе улам үнэтэй болох төлөвтэй “Таваар” бол зөвхөн энэ онд бус, цаашид жил бүр ой тоондоо байлгах ёстой үг гэж “Bloomberg”-ийн нийтлэлч Хавьер Блас үзэж байна. Геополитикийн тавцанд салхи ширүүсэж, дэлхийн худалдааг тодорхойгүй байдал хүлээж буй 2025 онд тэрбээр ямар түүхий эд, бүтээгдэхүүнүүдийг анхааралдаа аваад байгааг хүргэе.
Кофе
Уур амьсгалын өөрчлөлт, мөн хятадууд кофенд ихээр дурлах болсон нь 2024 онд кофены үнэ өндөр хадгалагдсаны гол шалтгаанууд байлаа. Эрэлт, нийлүүлэлтийн энгийн дүрмийн улмаас 2025 онд ч нөхцөл байдал сайжрах шинжгүй байна.Арабика болон робуста үрийн тариалалтаар дэлхийд тэргүүлдэг Бразил, Вьетнам улс өнгөрсөн онд дорвитой ургац авч чадаагүй. 2024 оны эцэст кофены хэрэглээ тав дахь улиралдаа дараалан нийлүүлэлтээ давсан нь урьд өмнө тохиож байгаагүй тохиолдол боллоо. Улмаар арабика үрийн үнэ 1977 онд хүрч байсан бүх цаг үеийн дээд түвшнээ шинэчилсэн юм.Энэхүү таваарын арилжаалагчдын үзэж буйгаар хэрэв Бразилын ургац хураалт сэргэхгүй бол арабика үрийн үнэ фунт нь 350 цент орчимд байгаа одоогийн үнээсээ 400-500 цент хүрч өсөх ёстой аж. Хариуд нь үйлдвэрлэгчид жижиглэнгийн үнээ нэмж, эцэст нь бидний уух аяга кофе улам үнэтэй болох юм.
Какао
2024 онд үнэ нь хамгийн өндөр дүнгээр нэмэгдсэн таваар бол шоколадны түүхий эд какао байлаа. Үнэ нь 12 сарын хугацаанд 172 хувиар өсөхөд дэлхийн какаоны 70 гаруй хувийг нийлүүлдэг Баруун Африкийн Кот’д Ивуар, Гана улсад ган гачиг, өвчлөлийн улмаас ургац муу байсан нь нөлөөлжээ.Дэлхийн хэмжээнд какаоны нөөц багасаж, үнэ нь дээд түвшнээ шинэчилснээр энэхүү зах зээлд хөрвөх чадвар олон арван жилийн доод цэгтээ хүрч, позицоо хадгалах нь улам өндөр өртөгтэй болсон байна. Энэ он гарсаар АНУ-ын шоколад үйлдвэрлэгч “Hershey Co.” Нью-Йоркийн Таваарын биржээр дамжуулан 90 мянган тонн какао худалдаж авах хүсэлт гаргасан тухай мэдээлэл гарч, улмаар өнгөрсөн пүрэв гарагт какаоны фьючерс үнэ 10.1 хүртэлх хувиар өсжээ.90 мянган тонн нь стандарт хэмжээтэй 5000 чингэлэгтэй дүйцэх бөгөөд Нью-Йоркийн биржийн зөвшөөрдөг арилжааны дээд хязгаараас ес дахин их хэмжээ юм.
Нүүрс
Ногоон эрчим хүч байнга яригддаг болсон ч дэлхий нийт урьд урьдынхаасаа илүү их нүүрс хэрэглэж байна. Олон Улсын Эрчим Хүчний Агентлагийн тооцоолсноор өнгөрсөн онд дэлхийн нүүрсний хэрэглээ 8.71 тэрбум тонн буюу бүх цаг үеийн дээд түвшинд хүрчээ. Энэ нь секунд тутамд 10 өөрөө буулгагч автомашиныг дүүргэх, эсвэл зургаан цаг тутам Гизагийн пирамидын хуулбарыг босгоход хангалттай хэмжээ.Дэлхийн нүүрсний нийт хэрэглээний 30 хувийг дангаараа бүрдүүлдэг БНХАУ-д энэ эрчээ зогсоох шинж ажиглагдахгүй байгаа тул ойрын хэдэн жилд нүүрсний өндөр эрэлт хадгалагдах төлөвтэй. Гангийн үйлдвэрлэлд ашигладаг коксжих нүүрсний хувьд ч байдал огцом өөрчлөгдөхөөргүй байна.
БНХАУ-ын гангийн үйлдвэрлэл 2022-2024 оны хооронд хаа нэгтээ оргил цэгтээ хүрсэн байх магадлалтай бөгөөд 2025 онд өндөр түвшнээ тогтвортой хадгална гэж Хавьер Блас үзжээ. Өдгөө дэлхийн гангийн талаас илүү хувийг үйлдвэрлэдэг гэдэг утгаараа БНХАУ-д юу болох нь дэлхийн зах зээлд, тэр дундаа экспортын энэхүү ганц түүхий эд, ганц түншээсээ ихээхэн хамааралтай Монгол Улсад үлэмж нөлөөтэй байх юм.