Дуучин Жастин Биберийн машины араас паппарацдаж явсан гэрэл зурагчин машинд мөргүүлэн амиа алдсан золгүй явдал Лос Анжелост гарчээ. Өнгөрсөн мягмар гаригийн шөнө Жастины 200 мянган ам.долларын үнэтэй цагаан Феррариг найз Лил Твист нь унаж явах үеэр цагдаа түүнийг хурд хэтрүүлсэн хэмээн зогсоож, шалгажээ. Энэ үеэр машиныг дагаж явсан 29 настай гэрэл зурагчин Крис Гуерра зураг авахаар тэдэнд ойртон очиход цагдаа түүнийг буцахыг шаарджээ. Тэрээр хоёр ч удаа шаардуулсны эцэст тэднээс холдож, машин руу буцаад гүйх замдаа машинд мөргүүлэн, эмнэлэгт хүргэгдсэн ч амьсгал хураасан байна. Түүнийг мөргөсөн жолооч нь хоёр ачтайгаа явсан 69 настай эмгэн байжээ. Тухайн үед хэргийн газар дээр Жастин Бибер өөрөө байсан, байгаагүй хэмээн хэвлэлүүд янз бүрээр мэдээлж байна. Ямартай ч тэрээр өөрөө жолооны ард байгаагүй, түүний найз, рэппер Лил Твист машиныг нь барьж явжээ.
Амиа алдсан паппарац зурагчин “AKI image”, “GSI Media” зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагад зургаа өгдөг, хувиараа зураг авдаг нэгэн байжээ. Тэрээр хэрэг гарсан өдөр найздаа ярихдаа Жастин Биберийг мансууруулах бодис бололтой нэгэн зүйл татаж байхыг харсан учраас түүнийг дагаж, зураг авахаар явж байна гэж хэлсэн байна. Үүнээс үзвэл зурагчин залуу ямар нэгэн том сенсаац дэгдээхээр зүйл олно хэмээн найдаж, Жастин Биберийн машиныг дагаж явсан бололтой.
Энэ харамсалтай явдлын дараа Жастин Бибер мэдэгдэл хийж, гэр бүлд нь эмгэнэл илэрхийлээд, энэ явдлаас сургамж авч, паппарац нарыг хууль зүйгээр зохицуулах арга хэмжээ авна хэмээн найдаж буйгаа илэрхийлжээ. Паппарац нарын байнгын хараан дор амьдардаг тэрээр тэдэнтэй цөөнгүй удаа маргаан үүсгэж байсан билээ.