Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн түгжрэлийг бууруулах найман багц төслийн нэгжтэй танилцаж санал солилцлоо

Нийслэлд 2030 он гэхэд метро, дүүжин тээвэр, LRT, BRT,  тойрог хурдны зам, Туулын хурдны зам, нүхэн гарц, Дулааны цахилгаан станц (ДЦС-5) төслийг ашиглалтад оруулах зорилт тавьсан.

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжээс төслүүдийг хэрэгжүүлэх он цагийн дагуу судалгаа, шинжилгээ, тооцоолох ажлуудыг хийж бэлтгэлийг хангаж байгаа. Дээрх төслүүдийн талаарх цаг үеийн мэдээллийг холбогдох газраас Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны мэргэжилтнүүдэд танилцуулж, санал солилцлоо.

  • Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Францын Засгийн газрын нэн хөнгөлөлттэй зээлээр дүүжин замын тээвэр төслийг хэрэгжүүлж буй. Зорчигчдыг Яармагаас Өнөр хорооллын зогсоол хүртэл 11 минутад хүргэх юм. Одоогоор дүүжин тээврээр зорчих үнэ эцэслэгдээгүй. Улирал тутамд ТЭЗҮ дээрээ анализ хийж, үнийн хэлбэлзлийг тооцоолж байгаа аж. Эцсийн дүндээ байж болох хамгийн хямд үнээр иргэд зорчих боломжийг бүрдүүлэх аж. Ирэх оны зургаадугаар сард үндсэн цамхаг, кабенаа угсрах ажлаа хийж дуусна. Дүрмээрээ угсралт хийснээс хойш бүтэн зургаан сар, зорчигч суулгалгүй туршилтын тээвэрлэлт хийх ёстой. Энэ цаг хугацааг нь наашлуулж, ирэх оны есдүгээр сарын 1-нээс өмнө Улсын комисс хүлээж авах шаардлагыг тавьж байгаа. Нийслэлийн зүгээс зөвшилцөх бүх ажлаа хийж дуусгасан. Одоо газар чөлөөлөлтийн ажил "Хархорин" худалдааны төвийн баруун талд байдаг "Барс-2″ худалдааны төвийн зарим хэсгийг буулгана. Яармагийн зам дээр оргил ачааллын үед 90-95 мянган машин зорчиж байна. Энэ том урсгалыг сааруулах зорилготойгоор төслийг хэрэгжүүлж байгаа юм.
  • LRT нь байгальд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй, үр ашигтай тээврийн шийдэл болж, орчин үеийн ногоон хотуудын салшгүй хэсэг болж байна. Цахилгаан хөдөлгүүр ашигладаг бөгөөд зарим LRT систем нар, салхи, ус буюу сэргээгдэх эрчим хүчээр ажилладаг. Түүнчлэн олон зорчигчийг нэг дор тээвэрлэх боломжтой учраас автомашины хэрэглээг багасгаж дуу чимээ болон агаарын бохирдлыг бууруулдаг. Ингэснээр оршин суугчдын амьсгалын замын өвчлөл багасаж эрүүл мэндэд эерэгээр нөлөөлөх давуу талтай.
  • Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд их багтаамжийн нийтийн тээвэрт олон төрөлт тээврийн хэрэгсэл нэвтрүүлэхээр зорьж буй төслийн нэг нь метро юм. Улаанбаатар метро төслийг хэрэгжүүлэх хүрээнд 17.7 км уртад 500 метрийн зайтайгаар 42 цэгт газрын гадаргаас доош 30 метрийн гүнд босоо өрөмдлөг хийж дуусгасан билээ.  Улаанбаатар метро төслийн хүрээнд нийслэлийн хамгийн том, хэвтээ чиглэлийн гудамж Энхтайваны өргөн чөлөөгөөр 17.7 км метроны шугам байгуулах ажлыг эхлүүлсэн.
  • Туулын хурдны зам төсөл нь инженерийн шийдлийн хувьд авч үзвэл хоёр жилийн хугацаанд барих боломжтой. Томоохон төслүүдийг хэрэгжүүлэхийн тулд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамтай хамтарч ажиллаж байна. Ажлын хэсэгт төлөөллүүд орж, чиглэл бүрийн асуудлыг авч хэлэлцэж байна.

Мөн трамбай  төсөл, нүхэн гарц төсөл, тусгай хэрэгцээний автобус төсөл, Дулааны V цахилгаан станц төслийн өнөөгийн явц, хэрэгжилтийн талаарх мэдээллийг дэлгэрэнгүй танилцууллаа гэж Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас мэдээллээ.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан