Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Иргэдийн нийтийн тээврээр өглөө 07-08 цагийн хооронд хамгийн их зорчиж байна

Нийтийн тээврийн Удирдлага, Мэдээлэл, Цахим төлбөрийн систем хэрэгжүүлэгч Улаанбаатар смарт карт ХХК-аас жил бүр гаргадаг нийтийн тээврийн статистик мэдээллийг гаргасан байна.

2024 онд нийтийн тээвэрт 142.7 сая зорчилт үүссэн ба энэ нь 2023 оны зорчилтоос 2.5 саяар өссөн үзүүлэлт юм. Зорчилтын тоо өссөн хэдий ч төлбөртэй зорчилт 2023 онтой харьцуулахад 3.9%-аар буурч, хөнгөлөлттэй буюу төлбөргүй зорчилтын тоо 11.6%-аар өсжээ.

2024 оны хувьд иргэд нийтийн тээврээр 4 дүгээр сард (13.76 сая зорчилт) хамгийн их үйлчлүүлсэн бол 7 дугаар сард (9.26 сая зорчилт) хамгийн бага зорчилт үүсчээ. Харин гарагийн хувьд аваад үзвэл иргэд Мягмар гарагт нийтийн тээврээр түлхүү үйлчлүүлдэг байна.

Нийт зорчилтод эзлэх хувиар нь аваад үзвэл төлбөртэй том хүний зорчилт 45.5%, төлбөртэй хүүхдийн зорчилт 14.2%, ахмад настан 27.2%, оюутны хөнгөлөлттэй зорчилт 7.4%, ХБИ 5.6%, цусны донорын хөнгөлөлттэй зорчилт 0.1%-ийг эзэлжээ.

Иргэдийн хамгийн их зорчилт хийсэн 3 чиглэл нь М:1(5шар-Офицеруудын ордон-) чиглэлд 19 сая зорчилт, М:4(Шар хадны эцэс-Цамбагарав) чиглэлд 5.9 сая зорчилт, Ч:40(Алтан тариа-Улаан хуарангийн эцэс) чиглэлд 4 сая зорчилт үүссэн байна. Хамгийн их зорчилт үүссэн М:1 чиглэлийн хувьд хуучин Ч:1 дугаартай байсан ба 2024 оны 1 сараас чиглэлийн дугаарыг өөрчлөн М:1 болгосон билээ. 2023 онд тус чиглэлд 8 сая зорчилт үүсч байсан бол 2024 онд зорчилтын тоо 2.38 дахин өссөн байна. Үүнд тухайн чиглэлд үйлчилгээ үзүүлж буй тээврийн хэрэгслийн тоо өссөн болон троллейбусны чиглэлүүдийг нэгтгэсэн нь нөлөө үзүүлсэн байна. 

 

 

2024 онд Эрдэм транс ХХК-ийн 13-371 гараж дугаартай тээврийн хэрэгсэл 286048 минут, Блюбус ХХК-ийн 04-046 гараж дугаартай тээврийн хэрэгсэл 276265 минут, Зорчигч тээвэр хоёр ОНӨААТҮГ-ын 02-174 дугаартай тээврийн хэрэгсэл 275954 минут үйлчилгээ үзүүлснээр нийтийн тээвэрт хамгийн олон цагаар үйлчилгээ үзүүлсэн гүйцэтгэлтэй тээврийн хэрэгслүүд болжээ.

2024 оны эцсийн байдлаар өссөн дүнгээр буюу 2015 оноос хойш бүртгэгдсэн 660 чиглэл байх ба үүнд жил бүрийн зам засвар, наадам, марафон, шөнийн үйлчилгээ, зуслангийн чиглэл зэрэг улирал, өдрийн арга хэмжээнүүдэд зориулан гаргасан чиглэлүүд мөн багтаж байна.

Дээрх чиглэлүүдээс хамгийн урт чиглэл нь Х:4 (Офицеруудын ордон-Шилжрээ) чиглэл бөгөөд 1 рейсийн уртын хэмжээ нь 142.4 км. Тухайн чиглэл нь том хүн 2300 төгрөг, хүүхэд 1200 төгрөгийн тарифтай байсан. Харин хамгийн богино чиглэлийн нийт урт нь 6.1 км бөгөөд энэ чиглэл нь Ч:78 (Халдвартын эмнэлэг-Сүхбаатарын талбай) чиглэл байна.

Хамгийн олон зогсоолтой чиглэлүүд нь Ч:22 (Шадивлан-Чингис СООСЭ) буюу 83 зогсоолтой, Ч:29А (Сэлбэ амралт-Өргөө амаржих газар) буюу 71 зогсоолтой, Ч:44 (Нарангийн гол-Дүнжингарав) буюу 71 зогсоолтой, Ч:73 (ТЭЦ4-Зунжин худалдааны төв) буюу 71 зогсоолтой байсан.

 Иргэдийн нийтийн тээврээр хамгийн их зорчдог цаг нь өглөө 07-08 цагийн хооронд, орой 16-17 цагийн хооронд байх ба нийтийн тээврийн системд цугларч буй нийт зорчилтын 30%-ийг эзэлж байна.

 

 

Ажлын болон амралтын өдрийг харьцуулахад зорчилтын хэмжээ амралтын өдөр 39%-аар буурсан байна.

2024 оны турш иргэд нийт 9.18 сая удаа Umoney картаа цэнэглэсэн ба нийт цэнэглэлтийн мөнгөн дүнгийн 40.6%-ийг гар утасны аппликейшнаар /Hipay, Tapatrip, Toki, SocialPay, SocialPay Junior/ цэнэглэжээ. Энэ үзүүлэлт өнгөрсөн онтой харьцуулахад 13.6%-аар өссөн үзүүлэлт юм.

Харин 59.4% нь автобусны зогсоолын ойролцоох ТҮЦ, 6,8 нэрийн дэлгүүр, Номин, Имарт, GS25, CU зэрэг сүлжээ дэлгүүрүүдээр цэнэглэжээ.

2024 оны эцсийн байдлаар Umoney карт цэнэглэх боломжтой 1783 гэрээт цэг байсан байна.

Улаанбаатар смарт карт ХХК нь 2017 оноос эхлэн арилжааны банкнуудтай хамтарсан картыг гарган ажиллаж байгаа ба 2024 оны байдлаар Монголын топ 4 банк буюу Хаан банк, Голомт банк, Худалдаа хөгжлийн банк, Хас банктай хамтран 3 өөр төрлийн функц /том хүн, хүүхэд, оюутан/ бүхий картыг гаргажээ.

Банктай хамтарсан картаар нийтийн тээвэрт цэнэглэх шаардлагагүйгээр зорчих боломжтой ба энгийн Umoney карттай ижил дамжин суултын хөнгөлөлтийг эдлэх, хүүхдийн хөнгөлөлтэй тарифаар зорчих боломжтой байдаг байна.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан