Нийслэлийн Засаг даргын энэ сарын 02-ны өдөр “Арга хэмжээ авах тухай”
Б/125 тоот захирамж гаргажээ. Уг захирамжид хууль зөрчиж томилгоо
хийсэн Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очирт сахилгын арга
хэмжээ авахаар заасан байна.
“Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5-д заасны дагуу Авлигатай тэмцэх газрын даргын энэ оны 74 дүгээр тушаалаар батлагдсан “Албан тушаалтан өөрт ногдуулсан сахилгын шийтгэлийн талаархи мэдээллийг холбогдох этгээд болон нийтэд өөрийн зардлаар хүргэх арга хэмжээний журам”-д заасны дагуу нийслэлийн Засаг даргаас Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очирт ямар арга хэмжээ авсныг нийтэд зарлаж, хариуг энэ сарын 12-ны дотор ирүүлэхийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё. Гэрэлчулуун 2012 оны 11 дүгээр сарын 06-ны 26/2519 албан тоотоор мэдэгдсэн байна гэж Нийслэлийн хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.