Т.САЙХАН
Гадаад улсын гэмт бүлэглэлүүд цахим хэрэгсэл ашиглан үйлдэж буй залилах гэмт хэргийн нөхцөл байдлын талаар Кибер аюулгүй байдлын зөвлөл, ЦЕГ, Монголбанк хамтарсан мэдээлэл хийлээ. Цагдаагийн Ерөнхий Газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, дэд хурандаа С.Тайван "Сүүлийн дөрвөн сарын хугацаанд Телеграм ашиглан үйлдэгдэж байгаа залилах гэмт хэргийн тоо огцом өссөн. Хохирлын хэмжээ ч өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Телеграм нь 2013 онд үүсгэн байгуулагдсан. Нийт 950 сая орчим хэрэглэгчтэй. 54 хувь нь 25-45 насныхан байна. Хүйсийн хувьд, эрэгтэй нь 58 хувь, эмэгтэй нь 42 хувь байна. Хэрэглэгчид сард дунджаар гурван цагийг энэ орчинд өнгөрөөж байна. Сүүлийн дөрвөн сарын хугацаанд энэ төрлийн 619 хэрэг бүртгэлийн хэрэг бүртгэгдсэн. Эдгээрээс нийт 10.3 тэрбум төгрөгийн бодит хохирол иргэдэд учирсан. Гурван хохирогч тутмын хоёр нь эмэгтэй байна. Насны хувьд, 25-34 насны иргэд хамгийн их хувь буюу 40.7 хувийг эзэлж байна. Хохирогчдийн дийлэнх нь буюу 62.5 хувь нь дээд боловсролтой байна. Гэмт этгээдүүд нийт 976 данс ашиглаж байгаа. Эдгээр данс руу хохирогч мөнгөө шилжүүлж байна" гэв.
Эх сурвалж:www.polit.mn