Н.Түвшинбаярт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал өнөөдөр Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Урьдчилсан хэлэлцүүлгээс Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурлыг 2022 оны тавдугаар сарын 12-нд хийх шийдвэр гарчээ. Өнөөдөр болсон урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралд яллагдагч Н.Түвшинбаяр оролцсон байна
Хохирогчийн өмгөөлөгч О.Санчирбал:
-Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс хуульд заасны дагуу гэрч оролцуулах болон хувь хүний нууцтай холбоотой асуудлыг ярих учир хурлыг хаалттай явуулах хоёр хүсэлтийг гаргасан. Шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлээд, 2022 оны тавдугаар сарын 12-ны өдөр 9.30 цагт шүүх хурлыг товлосон. Н.Түвшинбаяр шүүх хуралд өөрийн биеэр оролцлоо. Гэрчүүдийн нэрийг дурдах боломжгүй.
Прокуророос Н.Түвшинбаярыг согтуурсан үедээ хохирогч Э.Энхбат агсныг тодорхойгүй шалтгаанаар зодож, тархинд нь хавсарсан, олон хүнд гэмтэл учруулан, онц харгис хэрцгийгээр амь насыг нь хөнөөж, бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн хоёр дахь хэсгийн 2.1, 17.8 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байна.