АТГ-ын ажилтнууд өчигдөр “Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирал Э.Номинчулууныг бусдаас их хэмжээний хахууль авч байхад үйлдэл дээр барьж саатуулсан байна. Түүнийг бусдаас 3,000 ам.доллар авч байгаад ийнхүү саатуулагдсан бололтой. Эрүүгийн цагдаагийн газраас Э.Номинчулууныг шалгаж байсан хэргийг АТГ-т шилжүүлээд удаагүй байхад дээрх үйлдлийг гаргасан байна. Тиймээс түүнийг 48 цагийн хугацаатай албадан саатуулжээ.
Э.Номинчулуунд хахууль өгсөн гэх хэрэгт Нийслэлийн сэтгүүлчдийн нэгдсэн холбоо ТББ-ын тэргүүн Б.Ганзоригийг холбогдуулж, нэгжлэг байцаалт хийсэн байна. Э.Номинчулууныг “Багануур” ХК-иас зарласан өндөр үнийн дүнтэй тендерт “Тавинлан” гэдэг компанийг шалгаруулан ажил гүйцэтгэх явцад нь төсөвт өртгийг нэмж, зургаан тэрбум төгрөгийн санхүүжилтийг найман тэрбум болгон өсгөсөн, улмаар илүү гарсан мөнгийг тендерт шалгарсан аж ахуйн нэгжийнхэнтэй нийлж завшсан хэрэгт буруутган шалгаж байсан юм. Мөн “Тавинлан” ХХК-ийн захирал Х.Цогнойжамцаас “Алтаргана” хотхонд 500 сая төгрөгтэй тэнцэх тансаг зэрэглэлийн таван өрөө орон сууц бэлгэнд авсан гэх үйлдэлд Э.Номинчулууныг холбогдуулан шалгаж байгаа гэх мэдээлэл байна.