Технологийн хөгжил оргилдоо хүрч, сансар огторгуйг эзэгнэх 21 дүгээр зуунд Монгол Улсын иргэд нийслэл Улаанбаатар хотдоо цахилгаан, дулааны хомсдолтой чичрэн өвөлжинө гээд төсөөл дөө. Ирэх өвөл биднийг ийм хувь заяа хүлээж байгаа тухай Эрчим хүчний сайд Н.Тавинбэх удаа дараа сануулж буй.
Тэнгэр язгууртай гэгддэг бид хөгжлийн хоцрогдол, доройтлыг Африк тивийн хэдэн улсаар төсөөлж ойлгодог. Гэтэл энэ ойлголт хэдийнэ ард хоцорчээ. Этиоп улс тивийнхээ хамгийн том усан цахилгаан станцыг саяхан ашиглалтад оруулж өдгөө үр шимийг нь хүртэж сууна. Харин манай улс Эгийн голын цахилгаан станцыг барих эсэхээ ч шийдэж чадахгүй хойд хөршийнхөө амыг хараад сууж байгаа нь гашуун үнэн. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл ч бас үндэслэл нь ойлгомжгүйгээр гацсан нь мөн л бидний арчаагүй байдлын илрэл.
Ерөнхий сайд аа!
Та,Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаараа гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтийг бууруулах, нөөц бүрдүүлэх зорилгоор гурил үйлдвэрлэдэг болон мах бэлтгэдэг компаниудад 234 тэрбум төгрөгийн зээл олгох, уржигдар хүүхдийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд 200 тэрбумын дэмжлэг үзүүлэх, нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг буцаан олгох тухай шийдвэрүүдийг шил дараалан гаргаж, 2022 оны төсвийн тодотголд суулгахаар болжээ. Үүн дээр нэмээд Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад зориулсан хөнгөн галт тэрэгтэй (LRT) болох төслийн өртөг 2,8 тэрбум ам.долларын баталгааг Засгийн газар гаргах талаар ярьж байна. Эдгээр шийдвэрүүд тань мэдээж ард түмэнд таалагдана. Хүүхдийн цэцэрлэг хүртээмжтэй байх ёстой, гурил, махны үнэ хямд байх ёстой, Улаанбаатар түгжрэлгүй байх ёстой. Гэвч ард түмэн Засгийн газар өнөөдрийг биш маргаашийг харсан алсын хараатай шийдвэр гаргаасай гэж хүсч байна.
Хөгжлийн суурь, хөшүүрэг эрчим хүчний салбараа эдгээр өдрүүдэд битгий мартаач. Эрчим хүчний салбар улс орны хөгжлөөс ямагт түрүүлж явах учиртай гэдэг. Учир нь үйлдвэр, орон сууцны хорооллыг барихаасаа өмнө цахилгаан дулаанаар хангах дэд бүтцээ хэдийнэ шийдчихсэн байдаг. Гэтэл манай Эрчим хүчний сайд улалзан барин ирэх өвөл цахилгаан, дулааны хязгаарлалтад орно гээд хаврын хахирган цагаар мэдэгдэж байгаа нь манай улсын хөгжлийн бодлого алдагдсаныг харуулж байгаа томоохон жишээ юм.
Ерөнхий сайд аа!
Тавдугаар цахилгаан станцын ажлыг урагшлуулаач, гуравдугаар цахилгаан станцын дунд даралтын станцыг буулгаад оронд нь 325 МВтын цахилгаан станц барих ажлыг түргэвчлүүлээч, Тавантолгойн 450 МВтын цахилгаан станцын ажлыг ч бас хурдлуулаач, Эрдэнэбүрэнгийн 90 МВтын усан цахилгаан станцын ажлыг нэн даруй эхлүүлээч, Эгийн голын усан цахилгаан станцын асуудлыг шийдээч. Ирэх өвөл цахилгаан дулааны хязгаарлалттай даарна шүү гэж эртнээс сануулж суухын оронд эрчим хүчний салбартаа дорвитой хөрөнгө оруулая л даа. Шинэ сэргэлтийн бодлогоо цахилгаан, дулаандаа хандуулаач. Хэдий болтол ОХУ-аас түлш, эрчим хүчээ импортолсоор байх вэ? Туурга тусгаар улс байна даа, импортын эрчим хүчнээс хараат бус оршмоор байна.