ОХУ-ын “Москва” байлдааны хөлөг онгоц энэ сарын 14-ний өдөр Хар тэнгист живсэн тухай олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагаууд мэдээлсэн. Тус улсын Батлан хамгаалах яам өчигдөр анх удаа Москва хөлөг онгоцны хохирлын хэмжээг олон нийтэд мэдээллээ. “Москва усан хөлөг дээр хадгалж байсан сум дэлбэрч гал гарсны улмаас ноцтой гэмтэл гарч хөлөг живсэн бөгөөд галыг унтраах ажиллагааны үеэр багийн нэг гишүүн амь үрэгдэж, 27 гишүүн сураггүй болсон. Үлдсэн 396 хүнийг хөлөг дээрээс нүүлгэн шилжүүлж, Севастополь хотод хүргэсэн” гэж яамны мэдэгдэлд өгүүлсэн байна. Мөн амьд үлдсэн бүх офицер, усан цэргүүд Хар тэнгисийн флотын бусад хөлгүүд дээр албаа үргэлжлүүлэн хаах хүсэлтээ илэрхийлсэн. Амь үрэгдсэн болон сураггүй болсон алба хаагчдын ар гэрийнхэнд шаардлагатай тусламжийг үзүүлж байгаа гэж ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдэгдэлд дурджээ. Москва хөлөг нь ОХУ-ын Хар тэнгисийн флотын хамгийн том байлдааны хөлөг байсан юм.