Энэ сарын 16-нд болсон Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас төсөвт байгууллага, газрын тос, уул уурхайн чиглэлээс бусад аж ахуйн нэгжийн ажилтан төлдөг нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг он дуустал буцаан олгох асуудлаар хэлэлцэж төсөвт байгууллага, газрын тос болон уул уурхайн чиглэлийн ААН-ээс бусад хувийн байгууллагын ажилтны төлдөг нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг он дуустал төрөөс сар бүр буцаан олгох зарчмын шийдлийг гаргасан.
Нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийн буцаан олголт хэзээнээс хэрэгжих вэ гэдэг асуултад Сангийн сайд Б.Жавхлан “НДШ-ийн буцаан олголт төсвийн тодотгол өргөн баригдсаны дараа тодотгол батлагдмагц буюу тавдугаар сараас эхэлнэ” хэмээн хариулсан.
2021 оны жилийн эцсийн байдлаар манай улсын 1,2 сая ажиллах хүчний 70 гаруй хувь нь нийгмийн даатгалд хамрагддаг. Төсвийн тодотголд 1 сая төгрөгийн цалин түүнтэй тэнцэх орлогоор нь хязгаарлавал нийт даатгуулагчийн 70 хувь нь 50 хувийн буцаан олголтод хамрагдана. Нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийн буцаан олголтод 150 тэрбум төгрөг зарцуулах юм.