УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2021.11.02/ хуралдаан 11 цаг 10 минутад ирц бүрдсэнээр эхэллээ.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Улсын Их хурлын 2021 оны 75 дугаар тогтоолыг үндэслэн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 2021.11.01-ний өдөр “Монгол Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы 11 дүгээр сард хэлэлцэх асуудлын дараалал тогтоох тухай” захирамж гаргасан. Улсын Их Хурлын даргын захирамжид багтсан Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах хууль, тогтоолын төслийг хэлэлцэх цаглавар батлах талаар Байнгын хорооны дарга М.Оюунчимэг хуралдааны эхэнд танилцуулав.
Энэ 11 дүгээр сард тус Байнгын хороо:
- Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд анхны хэлэлцүүлэг /Засгийн газраас 2021.04.07-ний өдөр өргөн мэдүүлсэн/,
- Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд хэлэлцэх эсэх /Засгийн газраас 2021.10.25-ны өдөр өргөн мэдүүлсэн/,
- Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд хэлэлцэх эсэх /Засгийн газраас 2021.10.15-ны өдөр өргөн мэдүүлсэн/,
- Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд хэлэлцэх эсэх /Засгийн газраас 2021.10.15-ны өдөр өргөн мэдүүлсэн/,
- Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд хэлэлцэх эсэх /Засгийн газраас 2021.10.15-ны өдөр өргөн мэдүүлсэн/,
- Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд хэлэлцэх эсэх /Засгийн газраас 2021.10.15-ны өдөр өргөн мэдүүлсэн/,
- Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүдээс өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хэлэлцэх эсэх,
- Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүдээс өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл хэлэлцэх эсэх,
- Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүдээс өргөн мэдүүлсэн Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл хэлэлцэх эсэх,
- “Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл,
- “Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл гэсэн асуудлыг хэлэлцэхээр тогтоолын төсөлд тусгажээ.
Түүнчлэн, Засгийн газар, Улсын Их Хурлын гишүүдээс шинээр хуулийн төсөл өргөн мэдүүлбэл тухай бүр хэлэлцэх эсэхийг Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 10.7-д заасны дагуу Зөвлөлийн саналыг харгалзан Улсын Их Хурлын дарга шийдвэрлэх юм. Нийгмийн бодлогын байнгын хороогоор энэ 11 дүгээр сард хэлэлцэх асуудлын цаглаврыг батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг батлая гэснээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 60.4 хувь дэмжлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.