Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрчим хүчний үнэ нэмэгдлээ, одоо шинэ эх үүсвэр, хэмнэлтийн бодлого хэрэгтэй

 

  

Д.Бямба-Очир

Дулаан хангамжийн холбооны тэргүүн, доктор /Ph.D/ 

Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системд яг өнөөдрийн байдлаар 928 гкал/цагийн дулааны эрчим хүчний дутагдал үүссэн байна. Мөн төвлөрсөн дулаан хангамжид шинээр холбогдох техникийн нөхцөл олгогдсон нийт 500 гкал/цагийн хэрэглээ бий. Энэ хэрэглээг холбох шаардлага мөн манай эрчим хүч, дулааны салбарынханд бий. Тиймээс Дулаан хангамжийн холбооны инженерүүдийн багт Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн одоо байгаа Дулааны II цахилгаан станцын суурин дээр шинэ өргөтгөлийн станц барьж дулаанаар хангах шийдэл, Амгалан дулааны станцын дулаан түгээлтийг нэмэгдүүлэх боломжийг судлах зэрэг зөвлөмж өгсөн билээ. Үүний дагуу Улаанбаатар хотын дулаан хангамжийн чадлын дутагдлыг хэрхэн шийдэх асуудлаар судалгаа, тооцоо хийж, манай инженерүүд гурван шийдэл, санаа гаргаж, хэрэгжүүлэх нь зүйтэй хэмээн үзэж байна. Ийнхүү инженерүүдийнхээ эрчим хүчний хэмнэлт хийх боломжийг илэрхийлсэн судалгааны ажлаас та бүхэнтэйгээ товч хуваалцъя.  Инженерүүдийг маань хийсэн энэхүү тооцоо судалгааны ажил нь манай эрчим хүч, дулааны салбарт хэрэгжих бүрэн боломжтой бөгөөд хууль эрх зүй, дэд бүтцийн хувьд өнөөгийн нөхцөл байдал дээр тулгуурлан гаргасан гэдгийг хэлэх нь зүйтэй биз ээ.  Мөн тооцоо судалгаан дээр тулгуурласан энэхүү гурван ажлыг хэрэгжүүлснээр  Улаанбаатар хот дулаан хангамжийн дутагдлаас гаргахаас гадна, энэ чиглэлд дараа дараагийн шинэ технологиудыг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ гэж харж байна.  Нэгдүгээрт, Толгойтын цахилгаан станц (II цахилгаан станц) 1961 онд ашиглалтад ороод өнөөдрийг хүртэл 63 жил анх орсон хүчин чадлаараа ажиллаж байна. 48 орчим мегаватт цахилгаан үйлдвэрлэж, Таван шар орчмын айл өрхийг 100 гкал/цагийн дулааны эрчим хүчээр хангадаг.  Энэ станц өөрийн эзэмшлийн 20 орчим га талбайтай. Шинээр  300 мегаватт хүчин чадалтай дулааны цахилгаан станцыг II цахилгаан станцын баруун урд талд барих ТЭЗҮ-г /Техник эдийн засгийн үндэслэл/  боловсруулж тендер зарлах түвшинд явж байна. Үүнийг зөв шийдэл гэж харж байна. Гэхдээ энэ цахилгаан станц ашиглалтад орсноор бид 300 гаруй мегаватт цахилгаан эрчим хүч, 370 Гкал/цагийн дулаан үйлдвэрлэнэ. Энэ бол бидний хүссэн хэмжээний тоо, үр дүн биш. Тэгэхээр Дулааны II цахилгаан станцыг бүрэн буулгаж 400-500 мегаваттын станцыг шинэчлэн барих боломжтой. Ингэснээр нэгдүгээр ээлжийн 300 мегаватт хүчин чадалтай станц II ээлжийн 400-500 мегаваттын хүчин чадалтай станцтайгаа нийлээд 700-800 мегаватт хүчин чадалтай Дулааны V цахилгаан станц ашиглалтад орно. Дулааны шугамыг зүүн хойд зүгт ф1200 голчтой шугамаар холбон өргөтгөснөөр 1,10,3,4 дүгээр хорооллын 500 Гкал/цагийн дулааны хэрэглээг хангах боломжтой инженерийн тооцоо гарсан. Дулааны V цахилгаан станц урагшаагаа Дулааны IV цахилгаан станцтай хоорондоо дулааны шугамаар холбогдсоноор дулааны эрчим хүчийг экспорт, импорт хийж хослон ашиглах боломж бүрдэх юм. Ингэснээр эрчим хүч дулааны үр ашгийг нэмэгдүүлж, найдвартай ирээдүйтэй эх үүсвэр нэмэгдэнэ гэж харж байна. Энэхүү дулааны эрчим хүчээр хангах суурь дэд бүтэц, дамжуулах шугам сүлжээ хийгдсэн учраас шинэчлэлийг хийхэд асуудал байхгүй болсон.Хоёрдугаарт, Амгалан дулааны станц маань нүүрс түлдэг дөрвөн зуухтай. Сая өргөтгөхдөө мөн нүүрс түлж эрчим хүч үйлдвэрлэх байдлаар 100 Гкал/цагийн хэрэглээг нэмэгдүүлсэн байдаг. Дулааны III цахилгаан станцын Дунд даралтын хэсгийг зогсоох үетэй тооцоолж, Амгалан дулааны станцыг нэмж гурван зуухаар өргөтгөх боломжтой. Гурван зуухаар өргөтгөснөөр 300 Гкал/цагийн эрчим хүч үйлдвэрлэж, шинээр ф800 мм голчтой 5.6 км урттай шугамыг Шар хадны зам дагуу татаж 12 дугаар хорооллын шатахуун түгээх клонк, Туул Жин пан орчимд байрлах 6д магистраль шугамтай холбосноор 11, 12, 15 дугаар хорооллын хэрэглэгчдийг бүхэлд нь Амгалан дулааны станцаас дулааны эрчим хүчээр хангах боломжтой болж байна. Гэхдээ Амгалан дулааны станцын өргөтгөлийн гурван зуухыг өмнөх шиг нүүрсээр галлах биш орчин үеийн технологиудтай хослуулан, хэрэгжүүлэх хэрэгтэй. Шахмал түлш, био түлш буюу хаягдал хог шатаах дэвшилтэт технологитой ТЭЗҮ-г боловсруулж, дулаан хуримтлуулах технологитой байхаар шийдэх нь дэвшилттэй технологийн шийдэл болно. Дулаан хуримтлуулах технологийг ашигласнаар халаалтын улиралд Амгалан дулааны станц шатаадаг 173.000 тонн нүүрс түлэхгүй болно. Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд эрчим хүчний технологид аль хэдийн нэвтрүүлж эхэлсэн бөгөөд манай улс ч энэ технологийн дэвшлээс хоцрохгүй явах нь зүйтэй. Ингэснээр Амгалан дулааны станц маань нийтдээ 700 Гкал/цагийн дулааны эрчим хүч үйлдвэрлэдэг болж, эрчим хүчний өөрийн өртөг буурч, үр ашигтай ажиллаж эхэлнэ.

Дулаан хуримтлуулах технологитой байхаар шийдэх нь дэвшилттэй технологийн шийдэл болно

Гуравдугаарт, Өнөөдөр Улаанбаатар хотод 197 гаруй үйлдвэр технологидоо өндөр температуртай нийт 1300 тонн/ц-ийн зарцуулалттай технологийн уур хэрэглэж байна. Энэхүү уурын хувирсан ус /конденсат/ болох 80-90 хэмийн температуртай дулааны энерги агуулсан хувирсан усыг станц руу буцаах шугам байхгүйгээс шууд бохир руу хаяж байгаа нь жаахан харамсалтай, арвич хямгач үйлдэл биш юм. Уг нь дулааны энерги агуулсан хувирсан усыг дахин ашиглаж, үйлдвэрийн халаалт, хэрэглээний халуун усны системд хуримтлуулж дахин ашигласнаар 248 Гкал/цагийн дулааны эрчим хүчний нөөц бий болох тооцоо гарсан юм. Үүнийг хэрэгжүүлэхэд ямар нэгэн цаг хугацаа шаардахгүйгээр ойрын хугацаанд хэрэгжүүлж дулааны хэмнэлт хийх бүрэн боломжтой. Өөрөөр хэлбэл, холбогдох төрийн байгууллагаас тухайн үйлдвэрүүдэд хувирсан усаа дахин ашиглах албан даалгавар өгснөөр үйлдвэрүүдэд өгч байгаа дулаанаасаа 248 Гкал/цагийн дулааны эрчим хүчийг хэмнэж болно. Энэ бол чамлахааргүй томоохон хэмнэлт болно. Үүнийг хэрэгжүүлэх хууль эрх зүйн орчин, дэд бүтэц нь бүрэн бий. Улаанбаатар хот маань дэлхийн бусад хотуудтай харьцуулахад нэлээд хүйтэн, хахир өвөл болдог. Цар хүрээгээ ч нэлээд тэлж байна. Үүнийгээ дагаад гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж, дулааны эрчим хүчний хэрэглээ жил ирэх тусам өсөн нэмэгдэж байгаа билээ. Энэ өсөлтөд манай салбарынхан бэлтгэлтэй, гарц шийдэлтэй байж, түүнийгээ шат дараатай хэрэгжүүлэх нь нэн чухал юм. Тэр ч утгаараа салбарын сайд маань монгол инженерүүддээ тооцоо судалгаа хийх чиглэл өгч, бидний зүгээс эхний ээлжийн санал санаачилгаа ийнхүү бэлэн болгож, холбогдох газруудад хүргүүлэхээр бэлдсэн байгаа. Эдгээр төслүүдийг цаашид үе шаттай үйлдвэрлэлд нэвтрүүлснээр Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системийн хүндрэлтэй тулгамдсан асуудлуудыг тодорхой хэмжээнд шийдэх боломж бүрдэх юм.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 27. ЛХАГВА ГАРАГ. № 229 (7473)

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан