Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улс анх удаа цахим визээр гадаадын иргэн нэвтрүүллээ

Монгол Улс аялал жуулчлалыг дэмжиж, жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор  2021 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс дэлхийн 36 орны иргэдэд цахим виз олгож буй. Тэгвэл өнөөдөр Монгол Улс анх удаа цахим визээр гадаадын иргэн нэвтрүүллээ. Цахим визээр нэвтэрсэн анхны гадаадын иргэн нь Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн  Ким Тэеk Хээ байсан бөгөөд 2021 оны аравдугаар сарын 25–ны өдөр жуулчин буюу К2 ангиллын визийг цахимаар мэдүүлж, ийнхүү өнөөдөр Сөүл-Улаанбаатарын нислэгээр Монгол Улсад ирж байна.

Тухайн иргэнийг Гадаадын иргэн, харьяатын газрын Гадаадын харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ч.Алтансүх, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга, консул Ким Тэ Ван нар угтан авч, хүндэтгэл үзүүллээ.

Энэ үеэр түүний сэтгэгдлээс хуваалцахад, Ким Тэек Хээ: Би анх удаа Монгол Улсын виз мэдүүлсэн. Өмнө нь материалаа бүрдүүлэх, БНСУ дахь Монгол Улсын Консулын хэлтсээр дамжуулж виз мэдүүлдэг зэрэг нь  жаахан төвөгтэй гэж сонсож байсан. Харин цахим виз олгож байгаа гэж сонсоод, цахим виз мэдүүлж үзэхэд маш амар, хялбар байлаа. Хариу ч хурдан ирсэн. Монголд аялахаар ирэхэд үнэхээр таатай байлаа. Монгол Улсад 10 гаруй хоног аялна. Анх удаа ирэхэд маань маш сайхан хүлээж авч байгаад баяртай байна. Анхны сэтгэгдэл ийм сайхан байгаа учир цаашдаа ч Монгол Улс миний хувьд их утга учиртай, чухал улс орон байх болно” гэсэн юм.

Шинэчлэн баталсан “Монгол Улсын виз олгох журам”-аар гадаадын иргэдэд 64 ангиллын виз олгож байгаа бөгөөд үүнээс аялал жуулчлал /К2/, спорт, соёл урлагийн үйл ажиллагаанд оролцох /К4/, дамжин өнгөрөх /К6/ ангиллын визийг Монгол Улс цахимаар олгож байна. Цахим визийн Evisa.mn систем нэвтэрснээс хойш өнөөдрийн байдлаар таван орны 30 гаруй иргэн цахимаар виз мэдүүлээд байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан