Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатар хотод 11 дүгээр сарын дунд үеэс 2 дугаар сарын эхэн үе хүртэл инверс үүсэж, агаарын бохирдол ихсэх төлөв ажиглагддаг “…Утаагүй зуухаар л утаатай тэмцэнэ” гэдэг улс төрийн шийдэл юунд дөрөөлдөг вэ?! Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг баталлаа Монгол Улсын баг "Алтан цом" -ын эзэн болжээ Иргэн бүр хуримтлалын нэрийн данстай болж, 135 мянган төгрөгийн ногдол ашиг бүртгэгдэж эхэллээ “Ногоон баянбүрд-хүнсний тогтолцоог хослуулсан хот” төслийн уулзалт боллоо Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн сангийн хууль хэрэгжиж эхлээд эхний үр дүн гарч байна ГИХГ: 11 төрлийн мэдээллийг нээлттэй өгөгдөл болгон боловсруулж байна Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ ЦАГ АГААР: Нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна
АРДЧИЛЛЫН ЛАВЛАХ ЦЭО МИНЬ

Хэвлэл мэдээллийнхний ЦэО хэмээн нэрийддэг энэ эрхэмтэй олон нийт, тэдний дунд би 1990-ээд оноос танил болж дээ....

Энэ үе бол монголд цагаан морин жилийн ардчилсан хувьсгал мандаж монгол хүн бүр Үндсэн хуульд заасан “хүн бүр үг хэлэх, эвлэлдэн нэгдэж үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх” эрхээ жинхэнэ ёсоор эдэлж эхэлсэн үетэй зэрэгцээд улс эх орноо батлан хамгаалах салбарт 20 шахам жил зүтгэсэн Цэрэн-Очир гэдэг энэ хүн мөрдөстэй дүрэмт хувцсаа, сэтгүүлчийн үзгээр солин бидний эгнээнд орж ирсэн нь тэр байлаа.

Гэхдээ тэр шалдар булдар шар сонинд гүйж, элдэв хов живний хойноос явсангүй, 1990-ээд онд эрэн сурвалжлах сэтгүүлзүйн эхийг тавьсан сонины нэг “Ил товчоо” сониноос сэтгүүлчийн хөдөлмөрийн гараагаа эхэлжээ.

Нас тогтсон ч цоо шинэ салбарт орж ирсэн шинэхэн сэтгүүлч нөхрийнхөө тухай “Ил товчоо” сонины эрхлэгч Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Аким “Хууль эрх зүй, эрэн сурвалжлах чиглэлээр ихэд чадвар суусан, хариуцлагатай сэтгүүлч болохоо арав гаруй удаагийн шүүх хуралдааны танхимд нотлон харуулсан Л.Цэрэн-Очир сэтгүүлчийн гараас гарсан нийтлэл, өгүүлэл, сурвалжилга, мэдээ, мэдээлэл нь тал бүрийн олон талын баримт нотолгоотой байдгаараа бусад сэтгүүлчдээсээ ялгардаг. Ялангуяа, төрийн албан хаагчдын ажил албаны алдаа завхрал, хүнд суртал, уншигчдын санал гомдол, элдэв гэмт үйлдлийн халуун мөрөөр мөшгин шуурхай сурвалжлах, хуульч мөрдөн байцаагчийн хэмжээнд ажиллаж чаддаг Л.Цэрэн-Очир шиг тийм ажил хэрэгч, мэргэшсэн сэтгүүлч бас л ховорхон” хэмээн дурссан байдаг.

Хэвлэлийн бага хурал, элдэв мэдээллийн үеэр хамгийн эхний эгнээнд сууж, хамгийн эгзэгтэй, тодорхой он сар өдөр, баримттай асуулт асууж, хурлын эзнийг барьц алдуулна. Энэ бол нэг талаас сэтгүүлч хүн бүхнийг мэдэж байх ёстой гэсэн бичигдээгүй дүрмийг чанд баримталдгаас гадна тэнд очихдоо ярих асуудлыг судалж очдог сайн сэтгүүлчийн гол чанар.

Ер нь манай ЦэО-г улс төр, ялангуяа ардчилсан хувьсгалын лавлах гэж хэлж болно. Хэн нэгэн улстөрч, ямар нэг үйл явдлын тухай яриа гарахад “Тэр чинь төдөн он. Тэр хуралдаан дээр наадах чинь тэгж хэлж байсан. Тэр түүнтэй нийлээд анх ингэж байсан юм” гээд нэвтэрхий толь шиг ярина. Бүр 1990-ээд онд ардчилсан хувьсгал өрнөж эхэлж байх үед хэн, хэн, юу гэж байсныг хүртэл баримттай хэлнэ.

Иймдээ ч тэрээр 1990 оны цагаан морин жил, ардчиллын төлөө нэр төр, ажил амьдрал бүхнээ зольж явсан журмын нөхдийнхөө тухай “Ардчилал” сонинд түүхэн баримтад тулгуурлан бичиж үлдээсэн байдаг.

Тэрбээр 1990 онд чөлөөт хэвлэлийн эхийг тавьсан “Ардчилал” сониныг 10-аад жил эрхлэн ямар ч цалин урамшуулалгүйгээр ганцаараа хамаг ачааг нь нуруундаа үүрч яваад 2007 онд өдөр тутмын сонин болгож, залуу үедээ шилжүүлэн өгсөн юм. ЦэО маань “Ардчилал” сониныг олон жил эрхэлж явсныхаа хувьд ч, ардчилалд чин сэтгэлээсээ элэгтэй хүний хувьд ч энэ сониныхоо талаар “Хаанаас ч хараат бус байх сонин бол “Ардчилал” юм. Монгол оронд шударга ёс тогтоохын төлөөх хамгийн хүчтэй зэвсэг нь байх болов уу” гэдэг байлаа.

Тэр өөрийнхөө арваад жилийн үйл хэргийг зориулсан “Ардчилал” сониноо залуу үедээ шилжүүлж өгснийхөө дараа “Өнөөдрийн тойм” сониныг үүсгэн байгуулж, эрхлэгчээр нь ажиллан ардчилалд хайртай, ардчиллын үр шимийг хүртсэн уншигч олны унших дуртай өдөр тутмын сонины нэг болгож явсан.

Ардчиллын төлөөх ямар ч үйл явдал, элдэв хэвлэлийн бага хурал зэрэгт хэн хэнээс түрүүлэн ирээд нухацтай асуулт тавьж явдаг тэрээр энд тэнд тааралдахаа больсон нь 2013 онд Монголын Үндэсний олон нийтийн радиогийн захирал болоод агаар мандлын цэнхэр долгионоор ард түмэндээ мэдээлэл хүргэдэг хэдэн зуун хүнийг командалдаг дарга болсонтой нь холбоотой. Хэсэгхээн зуур энэ албанд зүтгэсэн түүнийг Монголын радиогийн хамт олон “МҮОНР-ийн орчин үеийн хөгжлийн цараа нэмэгдэж, шинэ техник технологи нэвтэрч, хуульд зааснаар үндэсний хэмжээнд өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхэлж, сонсогчдод зориулсан төрөл бүрийн мэдээлэл, сургалт, танин мэдэхүй, хөгжөөнт цэнгээх хөтөлбөр, нэвтрүүлэг бэлтгэх, нийтийн хүртээл болгох үүргийг нэр төртэй гүйцэтгэсэн жинхэнэ удирдагч байсан” гэж үнэлдэг юм билээ.

Тэр хууль эрх зүй, ардчилсан хувьсгалын түүх, улстөрчдийн талаар ёстой нэвтэрхий толь, хэвлэл мэдээллийн төлөө хамаг л мэдлэг, чадвар, үйл хэргээ зориулсан жинхэнэ сэтгүүлч байлаа.

Байлаа гэхийн учир нь та бидний ЦэО хэмээдэг Цэрэн-Очир гэдэг энэ эрхэм тэнгэрийн орноо заларч та биднээсээ салан одсоных. Одоо хаа нэгтэй, элдэв хурал зөвлөгөөн дээр хар цүнхээ үүрчхээд, үл мэдэг инээмсэглээд л цэргийн хүний ёсоор цэх цэх алхлан орж ирж таарахгүй ч олон хүний сэтгэлд ямагт л хамт байна даа.

Ум сайн амгалан болтугай!

Х.Өлзийбаяр

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан