Хүн нэг минутад ойролцоогоор 16-18 удаа амьсгал авч гаргаж энэ үедээ 6-10 орчим литр агаар сорж гаргадаг. Харин биеийн хүчний ажил хийх үед энэ хэмжээ 60-70 литр хүртлээ нэмэгддэг гэжээ. Өөрөөр хэлбэл, тийм хэмжээний хүчилтөрөгчөөр амьсгалж байж хүн эрүүл саруул төдийгүй хөдөлмөрийн бүтээмж нь өндөр байна гэсэн үг. Гэвч өвөлдөө агаарын бохирдолд, зундаа тоосонцроор амьсгалах нийслэлийн иргэд цэвэр агаараар цээж дүүрэн амьсгалж чадаж байгаа гэж үү.
Өвөлдөө агаарын бохирдолд “бөмбөгдүүлсэн” нийслэлчүүд зуны хэдэн сардаа цэвэр агаараар амьсгалж байна хэмээдэг. Гэвч үнэндээ өвлөөсөө дутуугүй тоосонцор хэмээх аюулд хотын иргэдийн уушиг торлогдож буй. Учир нь, эрдэмтдийн судалгаагаар уушигаар шүүгдэн хуримтлагдан үлдсэн 2.5 микроноос жижиг ширхэгтэй тоосонцор нь амьсгалын замын өвчлөлийн эх үүсвэрийг үүсгэдэг байна. Үүнийг ч Дэлхийн Банк баталжээ. Жилийн туршид тэд гэр хорооллын агаарын бохирдолд хэмжилт хийхэд хотын иргэдийн нүдэнд үл үзэгдэх жижиг ширхэгтэй тоосонцорт өртөж буй хэмжээ дунджаар Монгол Улсын агаарын чанарын үндэсний стандартаас даруй 10 дахин их байна хэмээсэн. Харин ДЭМБ-аас хийсэн судалгаагаар зорилтот шаардлагаас 6-7 дахин их гэж тогтоожээ. Угтаа амьсгалын замын өвчлөлийн эх үүсвэр гэгддэг тоосонцор нь хөгжиж буй улс орнуудын “шүдний өвчин”аж. Учир нь, хөрсний эвдрэл, хучилтгүй шороон зам, ухаж сэндийлгэсэн газар, цахилгаан станц, уурын зуухнаас гарсан үнс, хөө тортог, утаа, тээврийн хэрэгслийн яндангаас ялгарах хорт хий нь хүн амын амьсгалын замын өвчлөлийн эх үүсвэр. Энэ нь, үйлдвэрлэл хөгжин, дэд бүтэц нь муу хөгжсөн, хүн амын төвлөрөл нэмэгдэж байгаа хөгжиж буй орнуудад тулгардаг асуудал гэнэ.
Хөгжлөөс нь хойш татсан ийм асуудлаас болж дэлхийн агаарын бохирдолтой хотуудын тоонд Ираны Ахваз, Энэтхэгийн Лудхиана, Пакистаны Кветта хот орж буй. Үүнд, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот ч гэсэн “дутахааргүй” хоёрдугаар байрт орсон. Өдгөө нийслэлийн агаар дахь тоосонцрын хэмжээ 1575 мкг байгаа нь хотын оршин суугч бүр өдөрт 4-5 хайрцаг тамхи татсантай адил хэмжээгээр хорддог гэжээ. Үүнээс болж, амьсгалын замын эрхтний өвчлөл 2009 онд гэхэд 864,0 болж өссөнийг эмч нар ч сануулж буй. Томчуудаа гэдэггүй юм аа гэхэд ирээдүйн эх орны эзэд болсон 0-1 насны хүүхдийн өвчлөлийн таван голлох шалтгааны нэгдүгээрт амьсгалын замын өвчлөл орсныг анхаармаар...Үүнд, тоо баримт ч илүүц биз ээ. Гэхдээ ганц эрүүл мэндийн асуудал сөхөгдөөд зогсохгүй улсын эрүүл мэндийн зардал ч нэмэгддэг байна. Ганцхан жишээ дурдахад, 2005 онд хотод амьсгалын замын өвчин туссан 36.4 мянган хүнийг эмчлэхэд 2.4 тэрбум төгрөг зарцуулжээ. Хэрвээ тоосонцрын хэмжээгээ багасгахгүй энэ хэвээрээ явбал 2015 онд 42 мянган хүн өвчилж, тав орчим тэрбум төгрөг зарцуулах тооцоо гарсан байх юм. Их тоо шүү. Дэлхийн банкны мэргэжилтнүүдийн хэлснээр гэр хорооллоос ялгарах тоосонцрын хэмжээг 80 хувиар бууруулж чадвал байдал өөрөөр эргэх юм гэсэн. Гэвч агаарын бохирдлыг бууруулах гэж өдөржин, шөнөжин ажилладаг хэмээдэг Нийслэлийн Агаарын чанарын алба, “Цэвэр агаар сан”-гийнхны нүдэнд харагдаж, гарт баригдахаар зүйл өнгөрсөн хугацаанд хуруу дарам цөөн гэхэд хилсдэхгүй байх. Худалч хүнд бараг л хахир хүйтний сэрүүн салхи сэвэлзэхээр л агаарын бохирдлыг арилгана, тийм зүйл хийнэ хэмээн баахан тайлагнана. Түүгээр ч барахгүй агаарын бохирдолдоо жил бүр тав гаруй сая төгрөг зарцуулахаас биш зуны налгар цагт тоосонцроо багасгая хэмээн ярьж буй даргыг ч хараагүй. Сайндаа л Баруун, Зүүн дөрвөн замын тоос тоосонцрыг хэмжин мэдээлэхээс өөр гавьтай зүйл хийгээгүй гэвэл буруудахгүй ч биз. Магадгүй, өвлийн турш чихнээс нь хонх уядаг утаа униартаа л ухаанаа тавиад зундаа тоос, тоосонцорт “хорлогдож” буй нийслэлчүүдээ анхаарах сөхөөгүй яваа биз. Эсвэл аргаа олохгүй байна уу. Ядаж л, агаарын бохирдлыг бууруулна гээд тав, арван саяар нь салхинд хийсгэж байхаар ТҮК-иудтай хамтран ногоон байгууламжийн тоог яагаад нэмж болохгүй гэж нийслэлийн Агаарын чанарын албаны Л.Мөнхцог дарга аа.
Та мэдэх үү. Нийслэлчүүд өдөрт дунджаар 131-162 метр куб тоосонцроор амьсгалж байгаа нь олон улсын нийтээр хүлээн зөвшөөрөгдөх хэм хэмжээнээс даруй 2-3 дахин давсан үзүүлэлт. Гэтэл тоос, хөө тортгийг шингээн цэвэрлэдэг ногоон байгууламжийн хэмжээ нь хотод нэг хүнд 3,2 метр квадрат ногддог нь хотын стандарт хэмжээнээс 3-6 дахин бага гэдгийг. Болдог бол та зуух, түлш үйлдвэрлэх хэдэн сая төгрөгийнхөө ядаж л 500 мянгыг нь нийслэлчүүддээ хүчилтөрөгч “бэлэглэх” мод таривал олны талархлыг хүлээнэ дээ. Хүний уушиг дунджаар 2400 орчим км агаарыг багтаах чадвартай ба гадаргийн талбай нь 70 м.квадраттай тэнцдэг гэдэг. Энэ нь, теннисний нэг талбайтай тэнцэх үзүүлэлт юм хэмээн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагынхан дурдсаныг ч бас танд дуулгая.