Мадам Тюссогийн хамгийн анхны баримал Вольтерийнх
Дэлхийн хамгийн алдартай музейн нэг Мадам Тюссогийн үндэс суурийг тавьсан Мэри Тюссо 1761 онд Францын Страсбургт төржээ. Тэрээр хүн дуурайлгаж лааны тосон баримал хийхийг физикч Филиппе Куртиусээс суралцсан юм байна. Лааны тосоор элдэв баримал хийх авьяастай доктор Филиппегийнд Мэригийн ээж үйлчлэгчээр ажилладаг байх үед тэрээр энэ өвөрмөц урлагт суралцаж авчээ. Доктор Филлипе хамгийн анх XV Людовигийн амраг байсан Мэри Жэйн де Бэрри хэмээх авхайн баримлыг хийсэн гэдэг.
Харин Мэри Тюссогийн анхны баримал нь 1777 онд бүтээсэн гүн ухаантан Вольтерийнх байв. Ер нь, М.Тюссо эхэндээ Жан Жак Руссо, Бенжамин Франклин зэрэг философич, нийгэм улс төрийн зүтгэлтнүүдийн баримлыг голдуу хийдэг байжээ. Энэ үед түүний сонирхлыг Францын хувьсгалын үеэр амь үрэгдсэн гэм зэмгүй хохирогчдын түүх ихэд татаж, цаазаар авахуулсан иргэдийн баримлыг хийдэг болж. 1794 онд доктор Филлипе нас барж, дараа жил нь Фрэнцис Тюссотой гэрлэсэн Мэри нөхрөөрөө овоглох болж, доктороос өвлөн авсан олон арван баримлаараа Европыг тойрон аялж үзэсгэлэн гаргах болжээ. Энэхүү цуврал үзэсгэлэнгээ тэрээр Мадам Тюссо буюу хатагтай Тюссо нэрээр гаргасан нь олонд алдаршиж, танигдаад хожим нь музейгээ ийн нэрлэжээ. 1802 онд Тюссо Лондонд ирсний дараа Франц-Британийн хооронд дайн гарснаас тэрээр гэртээ харих боломжгүй болж, Их Британид суурьшсан аж.
Мадам Тюссогийн музей 174 жилийн түүхтэй
1835 онд Лондоны Бэйкер гудамжинд Мадам Тюссо анхны музейгээ нээжээ. Энэ музейд Францын хувьсгалын хохирогчид, олныг сэрдхийлгэсэн аймшигт гэмт хэрэг үйлдэгчид, алуурчдын баримал бүхий “Аймшгийн танхим”-ыг байгуулсан нь олны сонирхлыг маш их татаж байжээ.
Мадам Тюссо 1845 онд өөрийнхөө баримлыг өөрийн гараар бүтээсэн нь одоо Лондоны төв музейн орох хаалганы хажууд бий. Хатагтай Тюссо өөрөө хийсэн зарим баримал одоо хүртэл музейн түүхэн ховор үзвэрийн танхимд хадгалагддаг. 1884 оноос хатагтай Тюссо гэр бүлийнхнийгээ өөрийнхөө ажилд татан оруулж, музейн ажил нь гэр бүлийн бизнес болон өргөжжээ.
Анхны музей уг нь 400 гаруй барималтай нээсэн ч 1925 онд томоохон гал гарч, 1941 онд германчууд бөмбөгдсөний уршгаар нэлээд үзвэр нь устаж үгүй болжээ.
Баримал хийхэд 160 төрлийн хэмжээ авдаг
Мадам Тюссогийн музей өдгөө Амстердам, Берлин, Лас Вегас, Нью-Йорк, Хонг Конг, Шанхай, Вашингтон зэрэг дэлхийн төв болсон томоохон хотуудад салбараа нээсэн, жуулчдын хамгийн их сонирхол татдаг музей болж чаджээ. Мадам Тюссогийн хамгийн отгон салбар нь ирэх наймдугаар сард Лос Анжелосын Холливудад үүдээ нээнэ.
Сурвалжит язгууртан, ихэс дээдэс, урлаг соёлын одод, гарамгай баатар, шилдэг тамирчин, цуврал гэмт хэрэг үйлдсэн алуурчин, дарангуйлагч, түүхэн хүмүүс гээд алгасах салбар үгүй бүхий л хүрээнээс алдар нэрд гарсан хүмүүсийн хөрөг баримлыг Мадам Тюссогийн музей агуулдаг. Дашрамд сонирхуулахад, манай эзэн Чингис хааны баримал Лондоны төв музейд байдаг.
Мадам Тюссогийн музейн тухай онигоо ч гэмээр нэг явдал бий. Музейн термостатыг эцэст нь хүртэл халааж, баримлуудыг хайлах болов уу гэж хэрэгт дурласан нэгний оролдлого бүтэлгүйтэж, лааны тосон “хүмүүс” азаар эсэн мэнд үлдсэн явдлыг хожим нь дуу болгожээ.
Мадам Тюссод баримлаа хийлгэх саналаас татгалзсан цорын ганц хүн бол Энэтхэгийн жүжигчин Аамир Хан аж. Тэрээр “Миний баримлыг хийх шаардлагагүй, хэрэв хүсвэл хүмүүс миний киног үзнэ биз” гэж хэлж байжээ.
Музейн бүх баримлыг Лондон дахь төв студид бүтээгээд, салбарууддаа хүргэдэг байна. Нэг лааны тосон баримал 150-250 мянган ам.долларын өртгөөр босдог. Баримал хийхийн тулд тухайн хүний биеэс 160 орчим төрлийн нарийн хэмжээ авч, 150-200 гаруй зургийг нь харьцуулан судалж байж биеийн хэмжээ, харьцааг нь см ч алдахгүй үнэн зөв гаргадаг аж.
Дээд зэргийн торгоны утсаар нүдний судлыг нь хийдэг
Нэг баримал босоход ерөнхийдөө 5-7 долоо хоног шаардагддаг бөгөөд хамгийн эхлээд төмөр, пластик материалаар араг ясыг нь босгож дараа нь лааны тосоо дотор нь цутгаж хийдэг байна. Нэг баримал толгойноосоо эхлээд 12 хэсэг цутгамалаас бүрддэг. Лав тосыг Японы лааны тостой хольж 75 хэм хүртэл халаагаад толгойноос нь эхэлж цутгана. Баримлын хэсэг тус бүрийнх нь дотор тос цутгасны дараа хөлдөөж, биежээд ирэхээр нь гаднах пластик бүрхүүлийг нь авснаар тосон эх бие бэлэн болж сийлбэрлэх ажил эхэлдэг. Сийлбэр хийхэд 350 цаг зарцуулдгаас зөвхөн нүдийг нь хийхэд 14 цаг болдог гэнэ. Харин нүдний солонгон бүрхэвчийг гараар будаж, нарийн судсуудыг нь дээд зэргийн торгоны утаснаас авч наадаг аж.
Барималд үс суулгах явц хамгийн эмзэг нарийн ажлын нэг хэсэг нь юм. Мадам Тюссогийн бүх барималд хүний жинхэнэ үсийг суулгадаг. Ингэхдээ тухайн хүний үсний өнгө, бүдүүн нарийн ширхэг, шулуун юм уу, долгионтой юу гээд яг адилхан үсийг ширхэг бүрээр нь толгойд нь гараар суулгаж өгдөг байна. Үсийг суулгасны дараа угааж, мэргэжлийн үсчид засч янзлаад цаашид ч байнга арчилж засдаг аж. Баримлын шүд ч бас тухайн хүнийхтэйгээ өнгө, хэмжээгээр яг ижил, шүдний эмнэлгийн мэргэжлийн лаборатороор хийлгэдэг юм байна.
Өөрийнхөө баримлыг 300 мянган ам.доллараар хийлгэж болно
Мадам Тюссод зочилсон хэн ч болов өөрийгөө дуурайлган хийлгэхийг хүсдэг. Хэдий та алдар нэрд гараагүй ч гэсэн Бритни Спирс, Барак Обама шиг өөрийг тань усны дусал мэт дуурайсан барималтай болох боломжтой. Гагцхүү үүний тулд 300 мянган ам.долларын төлбөрийн чадвартай байх хэрэгтэй. Үүнд Лондонгийн студид очиж хэмжээгээ өгөх төлбөр нь багтдаг. Хэрвээ хайртай нохой, муур зэрэг гэрийн тэжээмэл амьтныхаа дүр төрхийг мөнхлөхийг хүсвэл 50 мянган ам.доллар.
А.Гитлерийн баримал байнга халдлагад өртдөг
Мадам Тюссод тухалсан алдартнуудын баримал маш ховор тохиолдолд гадны нөлөөгөөр гэмтэж эвдэрдэг. Харин тус музейн үзвэрүүдээс гадны халдлагад хамгийн их өртдөг цорын ганц баримал нь А.Гитлерийнх юм. 2008 оны долдугаар сард Берлиний музейд байрлуулсан Адольф Гитлерийн шинэ барималд 40 орчим насны герман эр халдсан нь багагүй шуугиан дэгдээсэн. Тэрээр энэ аймшигт дарангуйлагчийг түүхэн гавьяатай хүмүүс, орчин үеийн ододтой хамт байрлуулсныг эсэргүүцсэндээ ийм үйлдэл хийсэн гэж тайлбарласан байна. Гэхдээ энэ явдлаас хойш төд удалгүй Гитлерийн баримлыг засч тавьжээ. Хамгийн анх 1933 онд Гитлерийн баримлыг бүтээснээс хойш энэ үзвэр байнга л элдэв халдлагад өртөж, сүйтгэгддэг гэнэ. Тиймээс 1936 оноос уг баримлыг тусгайлан хамгаалдаг болжээ.
Жорж Клунитэй гэрлэхийг хүсвэл Мадам Тюссод оч
Лас Вегас дахь Мадам Тюссогийн музейд очсон бүсгүйчүүдийг баярлуулдаг нэг зүйл бол тэдний хэнтэй ч гэрлэхэд бэлэн Жорж Клунигийн баримал юм. Энд бэлдэж зассан хуримын ёслолын тайзан дээр Холливудын сайхан эрчүүдийн нэг Жорж Клуни хүргэн залуугийн гоёлын хувцсаа өмсөөд сүйт бүсгүйгээ хүлээж зогсдог. Хэрэв хүсвэл хэдхэн ам.доллар төлөөд хуримын даашинз өмсч, Холливудын одын эхнэр болох боломжтой. Заримдаа эрчүүд хүртэл Ж.Клунитэй гэрлэдэг гэнэ. “Клунитэй гэрлэе” үйлчилгээний бас нэг давуу тал нь тэр музейд байгаа алдартнуудаас хэнийг нь ч хуримын гэрчээрээ оролцуулахыг хүссэн татгалздаггүй гэсэн шүү.
Лас Вегасын музейд та бас “Америкийн шүтээн” шоуны шүүгч Саймон Коуэлтай уулзаж болно. Саймоны өмнө зассан тайзан дээр тусгайлан бэлдсэн караокегоор дуулаад, “ааштай” шүүгч юу гэж хэлэхийг сонсох сонирхолтой биш гэж үү.
Алдарт жүжигчин хос Брэд Питт, Анжелина Жолигийн охин Шило бол Мадам Тюссогийн музейд дүрээ мөнхөлсөн хамгийн анхны хүүхэд юм.