Зуны урин дулаан цаг ирж хүүхэд багачуудын маань хичээл, сургуулийн амралт эхлээд байгаа билээ. Энэ үеэр хамгийн их хөл хөдөлгөөнтэй байдаг газар бол хүүхдийн гэсэн нэр хаяг бүхий газрууд юм. Тэдний түрүүнд хүүхдийн зуслангууд ордог. Зуслангууд ч үүд хаалгаа нээж нэг, хоёрдугаар ээлжийн амрагч хүүхдүүдээ хүлээн авч, зарим нэг нь зуны гурван сар хөдөө агаар салхинд гарч байгаа бол харамсалтай нь хүүхдийн зусланд явж чадалгүй зуныхаа амралтаа гэртээ өнгөрүүлж буй хүүхдүүд бас байгаа юм. Тэгвэл тэр хүүхдүүдэд зориулж “Монсудар” хэвлэлийн компаниас эрхлэн гаргасан “Урлаг хүүхдийн ном”, “Хөгжим хүүхдийн ном” гэсэн хоёр бүтээлээ уншигч бяцхан хүүхдүүдийнхээ хүртээл болгоод байгаа аж. Тус бүтээлүүдийг хүүхдүүдийн хөгжмийн боловсрол, урлагийн боловсролд зориулан гаргасан бөгөөд дэлхийд алдартай зохиолч, бүтээлчдийн уран бүтээлүүдийг түүвэрлэн эмхтгэл болгон гаргажээ.