Гар утас хүний эрүүл мэндэд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг гэдгийг хүн бүр мэднэ. Гэхдээ смартфонтой хэрэглэгчдэд анхааруулж буй энэ мэдээ бол гар утаснаас цацрах долгион мэтийн түгээмэл сануулга биш юм. Смартфон барьдаг хүмүүс бусад гар утасны хэрэглэгчдийг бодвол илүү олон цагийг утастайгаа хамт өнгөрүүлдэг нь тэдний эрүүл мэндэд эрсдэл учруулах хэмжээнд хүрчээ. Ялангуяа оффисын ажил эрхэлдэг хүмүүс өдөржин компьютерийн дэлгэц ширтэж сууж байгаад зав чөлөөгөөрөө нүдээ амрааж, биеийнхээ чилээг гаргахын оронд утсаа оролдоод суучихдаг нь өөрсдийгөө “дэлгэцийн боол” болгож улмаар нуруу, хүзүүг нь ихээр өвчлүүлж байна . Смартфон нь интернэтээр мэдээдэл шалгахаас эхлээд олон давуу талт программтай учир өнөөдөр ихэнх хүн ажил гэрийн хооронд явах замдаа, эсвэл хэн нэгнийг нь хүлээх зуураа гар утастайгаа цаг нөхцөөдөг болжээ. Түүгээр ч зогсохгүй чөлөөт цагаараа ч гар утсаар ажлаа амжуулдаг болсон нь хүний нэг өдрийн ажлын ачааллыг дор хаяж хоёр цагаар сунгаж, улмаар нийгмийн стрессийг улам нэмж байна гэдгийг судлаачид анхааруулж байгаа юм.