АНУ-ын Нью-Йорк хотноо өнгөрөгч тавдугаар сард “Батаар” хэмээх тиронозаврын ясыг дуудлага худалдаанд оруулахаар болсон тухай дуулиан дэлхий дахинд түгсэн билээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн томилсон ажлын хэсэг газар дээр нь очиж, үнэн мөнийг нь тогтоогоод саяхан ирсэн байна. Ажлын хэсэгт багтсан БСШУЯ-ны Соёл урлагийн газрын дарга Б.Наранзунаас зарим зүйлийг тодрууллаа.
-Үлэг гүрвэл “Батаар”-ыг Монголын говиос олдсон гэдгийг яаж батлав?
-Бид АНУ руу үлэг гүрвэлийн араг ясыг Монголоос олдсон гэдгийг нь тогтоохоор очсон. Тогтоогоод ч ирлээ. АНУ-ын дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн гурван эрдэмтэн баг болж, судалгаа хийсэн юм. Гурван эрдэмтэн маань хэдий баг болж орсон ч гэсэн тус тусдаа дүгнэлтээ гаргаж, Монголын Өмнөговиос арваад жилийн өмнө олдсон гэдгийг баталж чадсан.
-Ямар дүгнэлтээр баталсан юм бол?
-Ийм олдвор цөөн газраас олддог юм билээ. Судлаачид олдворын өнгийг нь хараад шууд Монголоос олдсон байна гэж хэлсэн. Монголын газар, шорооны найрлагад төмөр ихээр агуулагддаг учраас олдсон олдворууд нь цайвар шаргал өнгөтэй байдаг юм байна л даа. Өмнөд Америкаас олддог иймэрхүү олдвор хар өнгөтэй байдаг гэсэн. Ясны найрлагад агуулагддаг шинж чанарууд гээд нийт 11 шинж тэмдгээр Монголоос олдсоныг нь тогтоосон байгаа.
-Монголын говиос олдсон гэдгийг тогтоочихлоо. Ингэхэд яаж яваад Монголын үлэг гүрвэл Америкт оччихдог байна аа?
-Одоохондоо Монголын өмч биш байгаа шүү дээ. Албан ёсны зөвшөөрөлтэйгөөр олборлосон бол Монголын өмч болно. Америкт очихоосоо өмнө Англиар дамжсан гэдгийг нь олж тогтоосон. Монголын хилээр хууль бусаар гарсан мөртлөө Америкийн хилээр хууль ёсны дагуу орсон нь хачирхмаар зүйл болоод байна л даа. Энэ асуудлыг хууль хяналтынхан л шийдэх ёстой.
-Нөгөө талаас ямар нэгэн мэдэгдэл гаргасан уу?
-Цаад талаас бол ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна. Шүүхийн шийдвэр гарсны дараа худалдах уу, буцаах уу гэдэг нь шийдэгдэнэ.
-Хэрэв авчирна гэвэл зардал мөнгөний асуудлыг хэрхэн шийдэх вэ?
-Бүх зүйл одоо шүүхийн шийдвэрээс хамаарна. Бид бас Монголын талд буцаан олгоно уу гэсэн хүсэлтээ багтаасан олон бичиг баримт бүрдүүлж явуулах ёстой. Адгийн зарга арав хоногтой гэдэг шиг шүүхийн шийдвэр гартал нэг, хоёр сарын хугацаа шаардагдана. Мэдээж, Монголын талаас төлбөр мөнгөө гаргана. Гэвч энэ маань чемодандаа хийгээд аваад ирдэг зүйл биш шүү дээ. Тусгай хамгаалалтад, мэргэжлийн төвшинд даатгалтайгаар авч ирнэ. Энэ бүгдийг удахгүй тооцож гаргана. Гэхдээ хүн хараад ухаан алдаад унамаар тооцоо гарахгүй л болов уу.
-Олдворын талаар цаашид судална гэж байсан. Энэ талаар...?
-Тэгэлгүй яахав. Судлах зүйл олон байна. Энэхүү олдворыг судлаачид судлаад 75 хувь нь газар доороо хадгалагдаж байж магадгүй гэсэн таамаг гаргасан.
-Энэ үйл явдал болсноор олон үр дагаврыг дагууллаа?
-Шүүхийн шийдвэр гараад Монголдоо ирсэн тохиолдолд Дэлхийд Монгол Улс их үлгэр жишээ орон болох юм. Манай улс анх удаагаа ийм зүйлтэй тулгарч байгаа болохоор цаашид гарах иймэрхүү эрсдэлд туршлага болж өглөө. Харин Америкт иймэрхүү дуудлага худалдаа зөндөө болдог. Энэ бүгдийг зогсоосон байгаа. Мөн энэ асуудал гарснаар Монголыг зорих жуулчдын тоо нэмэгдэнэ гэж үзэж байна. Саяхан Хэнтий аймгаас Хирсний араг яс олдсон. Хүмүүс ийм зүйл болоод байна гэдгийг ойлгоод өөрсдийн олсон олдвороо сайхан сэтгэл гаргаж мэдэгдэж эхэллээ. Тоочоод байвал олон сайн үр дагаврыг дагуулсан үйл явдал боллоо.
-Хирсний араг яс олдсон гэлээ. Түүн дээр ямар арга хэмжээ авч байгаа бол?
-БСШУЯ-наас гаргасан зөвшөөрлийн дагуу малтлага хийж байгаа.