Сэтгүүлч М.Уранчимэг саяхан “Гранд хүмүүс” ярилцлагын анхны номоо уншигчдын гар дээр тавилаа. Хэвлэл мэдээллийн салбарт 12 жилийн турш ажилласан тэрээр уулзаж, ярилцсан олон арван хүний дундаас өөрийнхөөрөө, бардам оршиж чадсан эрхмүүдийн ярилцлагыг түүвэрлэн энэхүү номдоо эмхэтгэн багтаажээ. Энэ номоос та Монголын оюун санааны гигант, соён гэгээрүүлэгч, нэрт нийтлэгч Баабар, зохиолч Ч.Галсан, дархан аварга Х.Баянмөнх, Ж.Мөнхбат, Монгол Улсын гавьяат тамирчин О.Гүндэгмаа, Зууны манлай дуурийн эмэгтэй дуучин, Ардын жүжигчин, Төрийн шагналт дуучин Х.Уртнасан гээд олон арван алдартны ярилцлагыг уншиж болох нь. Мөн улс эх орны хөгжил, ард иргэдийн оюун санаанд өөрийн хувь нэмрээ оруулсан улс төр, бизнесийн салбарын эрхмүүд хүн бүрт дэлгээд байдаггүй сэтгэлийн нууцаа ч энэхүү номд дэлгэсэн аж.