Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шерил Коул: Эшли Коултай амьдарч байсан үеэсээ ичихгүй

Шерил Коулыг бид “X Factor” шоуны шүүгч гэдгээр нь сайн мэднэ. Их Британийн орчин цагийн хамгийн алдартай оддын нэг гэгддэг тэрээр “Girls Aloud” охидын хамтлагаар олонд танигдсан бол Английн хөлбөмбөгийн од Эшли Коултай гэрлэснээр Английн дээд зиндааныхны нэг болсон юм.
Гэхдээ тэр үеийг хүртэл Шерил ердийн л нэг охин байв. Одоо 27 настай дуучин бүсгүй 2003 онд “Popstars: The Rivals” шоу нэвтрүүлэгт ялснаар “Girls Aloud” хамтлагийн гишүүн болж, хөгжмийн ертөнцөд хөл тавьжээ. Үзэсгэлэнтэй царай, ялдам инээмсэглэлээрээ “Ард түмний гүнж” хэмээн англичуудын дунд өргөмжлөгдсөн дуучин бүсгүйн бүхий л амьдрал 2000 оны дундуур гайхалтай өрнөж, амжилт, баяр баясгалангаар бялхаж байсан ч нөхөр нь түүнийг хуурсан гэх шар мэдээ хэвлэлүүдээр тарснаас хойш бүх зүйл буруугаар эргэсэн юм. Хөлбөмбөгч Эшли Коул эхнэрээ араар тавьсан нь хэвлэлийн хуудаснаа илчлэгдсэнээс хойш төд удалгүй Шерил гэр бүлээ цуцлуулахаар шүүхэд хандсан юм. Энэ үед түүний зөвхөн гэр бүлийн амьдрал бүтэлгүйтээд зогсохгүй өөрөө ч хүндээр өвчилж, үхлийн ирмэг дээр тулж очсон үе бий. Тэрээр Танзанид аялж яваад халдварт хижиг өвчнөөр өвдөж, хэд хоног ухаангүй байсан гэдэг. Үүний дараа “X Factor” нэвтрүүлгийн продюсер Саймон Коувелл түүнийг шүүгчээр ажилуулах гэрээгээ хүртэл цуцалж, нэг хэсэгтээ Шерилийн бүх зүйл урвуугаар эргэсэн.
Гэхдээ одоо энэ бүхэн ард хоцорчээ. Тэрээр ганцаарчилсан уран бүтээлдээ шаргуу орж,  улс орнуудаар аялан тоглолт хийж, тэр ч бүү хэл ханхүү Харритай болзмоор байгаагаа ил тод мэдэгдэж, шуугиан тарьсан. Ингээд түүний “Guardian” сонинд өгсөн ярилцлагыг хүргэе.

-Таны бие даасан хоёр дахь цомгийн дуунууд ихэвчлэн салалтын тухай, хосуудын хууран мэхлэлт, түүнээс үүссэн сэтгэлийн шархын талаар өгүүлж байсан. Магадгүй нөхрөөсөө салсны дараа бүтээсэн дуунууд учраас ийм сэдэв зонхилсон болов уу. Жишээлбэл, таны “Жаргалтай нулимс” дуунд нөхрийнхөө хуурамч занг үзэн ядахдаа хувцсыг нь шатааж,  машиных нь дугуйг зүссэн гэж гардаг. Та Эшлигээс салсны дараа үнэхээр түүний хувцсыг шатаасан уу?
-Үгүй.
-Тэгвэл дугуйг нь?
-Мэдээж үгүй. Энэ дууны үгийг би бичээгүй шүү дээ.
-Гэхдээ танд ингэмээр санагдталаа уурласан үе бий юу?

-Заримдаа. Гэхдээ тэр явдлаас хойш хоёр жил өнгөрсөн учраас уур хилэн ч мартагджээ.
-Эшли таныг хуураад байгааг яаж мэдсэн бэ. Эсвэл сониноос олж харсан уу?
-Үгүй дээ, энэ бүхэн сонин хэвлэлээр гарахаас өмнө мэдэж байсан. Би зүгээр л түүнд алдаагаа засч, боломж олгохыг хүссэн. Би ер нь сэтгэлийн хөдөлгөөн багатай хүн. Тийм болохоор огцом шийдвэр гаргалгүй, ойлгож тэвчих гэж хичээсэн.
-Гэвч таны дотроо тээж явсан бүхнийг хэвлэлээр дэлгээд хаячихсан. Тэр үед магадгүй өөрт тань ичгүүртэй санагдаж байсан байх?
-Тийм ээ, мэдээж хэрэг. Би чинь хүн шүү дээ. Миний тухай бичсэн элдэв янзын мэдээлэл, шар мэдээг хүмүүс ердөө л хов жив болгон ярьж, савангийн дуурь шиг л үзнэ. Гэтэл тэр чинь хүний амьдрал. Надад тохиолдсон хүнд хэцүү цаг үе. Зовлонгоо мартах гэж ядаж байхад минь тэр бүхнийг хүмүүс зүгээр л гаднаас нь хараад хов жив болгон ярих үнэхээр ичмээр.
-Тэр үед та өөрийгөө яаж тайвшруулж байсан бэ. Хөгжим, фэнүүд тань тус болсон уу?
-Эшли надад хайргүй байсан ч хүмүүс надад хайртай гэж бодохыг хичээдэг байсан ч тус болоогүй. Намайг тайвшруулдаг ганцхан зүйл байсан нь хөгжим.  
-Та одоо эр хүнд итгэж чадна гэж бодож байна уу?
-Би ээж, нохой хоёроосоо өөр хэнд ч, юунд ч итгэдэггүй. Гэхдээ цаг хугацаа бүхнийг харуулна. Өнгөрсөн амьдрал маань эрт урьдын үе шиг санагддаг болсон үед, магадгүй таван жилийн дараа өөрчлөгдөж болох юм. Одоо бол өөр эр хүний тухай бодох хэмжээнд хараахан хүрээгүй байна.

-Эшли Коултай зэрэгцээд Английн хөлбөмбөгийн олон ч од эхнэрээ хуурсан нь илчлэгдсэн. Гэхдээ тэдний хэн нь ч гэр бүлээсээ салаагүй. Үүнийг хараад магадгүй та нөхөртэйгээ үлдээгүйдээ харамсдаг уу?
-Үгүй ээ, энэ бол миний шийдвэр. Харин нөхөртэйгөө үлдэхээр шийдсэн нь тэдний сонголт. Бусад хүний шийдвэрийг дүгнэж цэгнэх нь буруу.  
-Таныг “X Factor” шоуны шүүгч Саймон Коувеллтай таагүй харилцаатай байгаа гэж гадуур шуугьж байна, энэ үнэн үү?
-Үгүй ээ, ийм яриа хаанаас гардаг байна аа. Бид өмнөхөөс ч илүү сайхан харилцаатай байгаа. Тэр намайг хараад л юу болоод байгааг ойлгодог. Миний нүднээс бүхнийг уншчих шиг санагддаг.
-Ингэхэд та түүний төрсөн өдрөөр одой биетэй найрал дуучид аваачиж сюрприз барьсан гэсэн. Яагаад түүнд ийм бэлэг барихаар шийдсэн юм бэ?
-Хөгжилтэй биш гэж үү. Саймон Коувеллийн төрсөн өдрөөр онцгой л бэлэг өгөх хэрэгтэй, тийм биз дээ.
-Таны хүзүүнд “Хатагтай Коул” гэсэн шивээс одоо хүртэл байгааг үзвэл Эшлитэй эргэн нийлэх тухай бодол танд байгаа юу?
-Үгүй ээ, яалаа гэж. Бид салсан. Бүх зүйл дууссан. Магадгүй хэзээ нэгэн цагт найзууд болж болох юм.
-Тэгвэл Коул гэсэн овгийн тухайд юу хэлэх вэ. Шерил Коул гэж экс нөхрийнхөө нэрээр овоглосоор байх уу?
-Хэрэв би Коул гэсэн овгоосоо татгалзаж Шерил Твиди гэж өөрийнхөө жинхэнэ нэрээр дуудуулвал өмнөх амьралаасаа, гэрлэлтээсээ ичсэн хэрэг болно. Харин би өнгөрсөн амьдралаасаа ичихийг хүсэхгүй байна. Тэр бол миний амьдралын нэг хэсэг. Шерил Твиди бол юу ч мэдэхгүй, жаахан охин байх үеийн минь нэр. Шерил Коул гэсэн нэрээр би амжилтад хүрч, одоогийн амьдралаа босгосон. Шерил Коул бол миний нэр.

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
Oluulaa bid chadna Ardchilsan namig demjiye
ardchilsan nam yalah bolnoo
Хамгийн их уншсан