Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хятадад нууц амрагууд авлигын хэргийг илчилдэг

БНХАУ-ын дарга Си Зинпинь хятад дахь авлигын хэрэгтэй дайн зарлаж хахууль авдаг жижиг түшмэлүүдээс эхлээд төрийн албыг хөрөнгөжих хэрэгсэл болгосон томоохон албан тушаалтнуудтай тэмцэж эхэлсэн. Хятадын өндөр албан тушаалтнуудыг авлигын томоохон хэрэгт хутгалдахад нууц амрагууд багагүй үүрэг гүйцэтгэдэг байна. Нууц амрагууд өөрийн амраг албан тушаалтнуудтай маргалдах, хардах зэрэг нь мөрдөн шалгах, эрүүгийн хэрэг үүсгэх эх үндсийг тавьдаг гэнэ.

Хятадын өнөөгийн удирдлагын авлигтай хийх тэмцэл нь түүний нэрийн хуудас болоод гурван жилийн нүүр үзэхэд намын өндөр албан тушуултан, сайд байсан хүмүүс ч өртөж байна.
Авлигын эсрэг энэ тэмцэл зөвхөн авлигын хэрэг төдийгүй хувийн амьдралын нь ёсзүйтэй холбоотой асуудлуудыг ч авч үзэж байгаа гэнэ. Дарга Си Зинпинь энэ тухай нэг биш удаа дурдаж намын өндөр албан тушаалтнуудын хувийн ёсзүйгүй байдлыг тэвчихгүй гэдгээ хэлсэн. Үүнийг өндөр албан тушаалтнуудын гадаадад зорчихыг багасгаж, тансаг машин хэрэглэхийг танахыг анхааруулж байгаагаас харж болно.  Си Зинпинь дарга ч өөрөө үлгэр жишээ болгож автомашины цувааныхаа машины тоог цөөлж, нэг биш удаа энгийн зоогийн газарт орсон байна.
Энэ хүрээнд тэрээр намын албан тушаалтнуудын шударга ёсыг унтлагын өрөөнөөс эхэлнэ гэжээ. Авлигын олон дуулиан, гэмт хэрэг  албан тушаалтнуудын нууц амрагтай холбоотой байснаас “секс-авлига” гэдэг нэр томъёо хүртэл гарчээ.
Хятадын хууль сахиулагчдын анхааралд ард түмний элч болсон албан тушаалтнуудын бэлгийн амьдрал яагаад ингэж тусах болов. Үүний хариу нь ердөө л хятадад өнөөдөр албан тушаалтнуудын дунд түгээл болсон “хоёрдугаар зэргийн эхнэр” гэдэг ойлголт.
Олонд ил болсон авлигын томоохон гэмт хэргийн эзэн түшмэлүүдийн ихэнх нь нэг юм уу түүнээс олон нууц амрагтай байдаг гэж хятадын хэвлэлүүд баталж байна. “Ихэнх тохиолдолд ийм албан тушаалтан, тэдний нууц амрагийн холбоо нь ард түүмэн, нийгмийн эрх ашгийг хөндөж эхэлдэг” гэж нэгэн хэвлэлд бичжээ.
2012 оны арванхоёрдугаар сард “Синьхуа” агентлаг авлигын хэрэгт холбогдсон албан тушаалтнуудын 95 хувь нь “хоёрдугаар зэргийн эхнэр” /бао эрнай/-тай байдаг бол авлигын гэмт хэргийн 60 хувь нь нууц амрагаасаа болж үйлдсэн байдаг гэсэн баримт дэлгэжээ.
Энэ бүхэн бол орчин үеийн бизнес-урлаг гэж социологчид үзэж байна. Өнөөдөр хятадад эр хүн эхнэрээсээ гадуур ядахдаа л нэг нууц амраггүй байвал амжилтад хүрэхгүй гэсэн ойлголт газар авчээ.
Авлигын хэргээр баривчлагдсан, орон нутгийн нэгэн удирдлагын албан тушаалтан “Миний хэмжээний албан тушаалтан, удирдагч нарын дунд хэд хэдэн нууц амраггүй хүн байхгүй. Энэ бол физиологийн хэрэгцээнээс гадна зэрэг зиндаа илэрхийлдэг зүйл. Иймгүй бол өөрийг чинь чухал хүн гэж хэн ч үзэхгүй” гэж хэлсэн байдаг. Авлигын хэргээр шийтгүүлсэн Хятадын Төмөр замын сайд асан  Лю Жи Зюнь гэхэд л 18 нууц амрагтай байсан гэж Синьхуа агентлаг мэдээлжээ. Энэ бол ганцхан л жишээ. Харин бүх хятад даяар, нам төрийн бүхий л албан тушаалтан ийм байгаа хэрэг.

Хоёрдугаар зэргийн эхнэр гэдэг ойлголт хятадын эдийн засгийн реформын дараах эдийн засгийн эрчимтэй өсөлтийн үеэс гарч ирсэн байна. Энэ тухай бичигчид татвар эм, хоёр дахь эхнэр гэдэг нь хуучин цагийн хятадын уламжлалт ойлголт дахин сэргэж байгаа хэрэг гэдэг.
Нөгөө зарим нь хятадад хөдөө орон нутгаас, ялангуяа бөглүү ядуу нутгуудаас  хот руу чиглэсэн сая сая хүний их нүүдэлтэй холбогдон эмэгтэйчүүдийн биеэ үнэлэх явдлын нэг шинэ хэлбэр гэж байна.
Бас зарим нь Дэн Ся пиний өөрчлөлтийн үеэр Тайвань, Гонконг, Сингапураас олон бизнесмэнүүд орж ирсэн өмнөд Хятадтай  холбон тайлбарладаг. Тэд эхнэрээ нутагтаа орхиод Гуандун, хятадын өмнөд нутагт ирж суурьшин нутгийн залуу бүсгүйчүүдтэй танилцан холбогдсон. Тэр бүсгүйчүүдийн олонхи нь хятадын баруун, хойд нутгийн ядуу бүс нутгаас ирсэн хүмүүс байсан гэнэ. Ийм байдлаар хоёрдугаар зэргийн эхнэр гэгч бий болж хоёр дахь гэр бүл бий болсон байх нь.
Ер нь хятадад  залуу эмэгтэйчүүдийн хувьд хөрөнгөлөг нэгний нууц амраг болж эд материалын байдлаа сайжруулах, нийгмийн оролцоо зэрэг дэвээ дээшлүүлэх гэсэн зах зээл хэдийнээ бий болчихсон гэж болно.

Британийн сэтгүүлч Жеймс Палмер хятадын нэгэн түшмэлийн “хоёрдугаар зэргийн эхнэр” 26 настай Шаньшань гэгчтэй танилцсан байна. Сычуань мужийн хөдөө нутгаас гаралтай тэрээр мужийн төв Чэнду хотод караоке, дэн буудалд зочдод үйлчлэн, заримынх нь унтлагын өрөөнд үйлчилгээ үзүүлдэг байж. Гэтэл нэг удаа Бээжингээс ирсэн Төрийн өмчийн нефтийн компанийн нэгэн менежерийн нүдэнд өртөж хамт явжээ. “Одоо тэрээр Бээжинд нууц амрагийнхаа өөрт нь зориулж түрээслэн авч өгсөн 410 мянган долларын үнэ бүхий тансаг байшинд амьдарч байна. Амраг менежер нь дуртай цагтаа ирж түүнтэй цагийг өнгөрөөнө. Нууц амраг бүсгүйчүүдийн “авга” хэмээн өхөөрдөн нэрийддэг амраг нь байрны хөлсийг нь төлөхөөс гадна байнга үнэтэй бэлэг авч өгнө. Хувийн хэрэгцээнд нь зориулан сар тутам 20 мянган юань өгнө” гэж бичжээ.
Шаньшань тэр олон өрөөтэй байранд тансаглан зөвхөн хоёрдахь эхнэрийнхээ л үүргийг гүйцэтгэнэ. Энэ бол хятадад нийтлэг болсон стандарт. Ухаандаа Шэньчжэн хотод гэхэд л нутгийн иргэдийн “хоёрдахь эхнэр”-ийн хэмээн нэрлэдэг бүхэл бүтэн хороолол байдаг байна.
Тэнд “авга”-уудаа хүлээсэн “хоёрдахь эхнэр”-үүдэд зориулсан клуб, үйлчилгээний газар,  зоогийн газар кафе бий. Нууц амрагууд дэлгүүр хэсч амрагуудынхаа тухай хөөрөлдөнө. Нэг хэсэг нь ар гэрээдээ мөнгө илгээдэг бол овсгоотой зарим нь арилжаа хийж, бирж дээр тоглоно.

Нэг үгээр хэлэхэд хятадын хоёрдахь эхнэр гэдэг нь бие үнэлэхийн дээд хэлбэр гэсэн үг. Канадын нэгэн судлаач хятад эмэгтэйчүүдийн ийм бизнесийг таван шаттай пирамидтай зүйрлэсэн байдаг. Баян бизнэсмен, өндөр албан тушаалтнуудын нууц амрагаас эхлээд хөдөө нутгаас ирсэн ажилчдад үйлчилдэг гудамжны биеэ үнэлэгч хүртэл  ийм таван шат байна гэжээ.

Гэхдээ хоёрдахь эхнэрийн мэргэжил нь тун аюултай ажил. Авга болон тэдний хооронд материалын, мөнгөний шинжтэй маргаан тасрахгүй. 2006 онд Бээжингийн тойргийн орон нутгийн түшмэл Сюй Жиюань нууц амрагаа ялихгүй зүйлээр байнга хэрүүл өдөөлөө хэмээн боож алахыг жолоочдоо тушааж байжээ.
Өөр нэг зүйл бол гэргий, хамтран амьдрагчийг бодвол хоёрдахь эхнэрийн илүү нэг аюул нь хардах явдал. Хардалтаас болоод хоёрдахь эхнэр, авгуудын хооронд байнгын хэрүүл үүснэ. Хардсан хоёрдахь эхнэр өөрийн авгаа мөрдөнө, дарамтална. Интернет сүлжээнд  бүр ийм давалгаа хүртэл бий болсон. Энэ нь ч хууль сахиулагчдад “албан тушаалтнуудын нууц амрагийн тусламжтайгаар авилгатай тэмцэх” гэдэг мэргэжлийн ойлголт бий болгосон байна.
Авлигын гэмт хэргийн 15 хувийг тухайн хэрэгтний нууц амрагийн тусламжтайгаар илрүүлсэн гэж Синьхуа агентлаг мэдээлжээ.

0 Сэтгэгдэл
МОНГОЛЫН ОЛИГАРХИУДЫН НУУЦ АМРАГУУД ТЭДНИЙ АВЛИГАЛЫГ ИЛЧЛЭХ ХЭРЭГТЭЙ ШДЭЭ.
Хамгийн их уншсан