Инфляц энэ оны турш зорилтот түвшнээс өндөр хадгалагдаж, ирэх оны II улирлаас л зорилтот түвшинд орж тогтворжино гэсэн төсөөллийг Төв банк гаргалаа. Зорилтот түвшнээс эргэн даваад буй инфляцыг хазаарлах үүднээс Монголбанк бодлогын хүүгээ төсөөллөөс огцом өсгөж, 12 хувьд хүргэлээ.
Салхи сөрнө
Гуравдугаар сарын хурлаараа Монголбанк бодлогын хүүгээ хоёр суурь нэгжээр өсгөж, 12 хувьд хүргэхээр шийдвэрлэснээр 2024 оны эхнээс хойш зөөлрүүлэх чиглэлтэй байсан мөнгөний бодлогоо эргэн чангаруулж байна. Сүүлд яг нэг жилийн өмнө бодлогын хүү 12 хувьд байхад инфляц долоон хувьтай байлаа. Түүнээс хойш инфляц 5.1 хувь хүртэл саарсан ч сүүлийн долоон сарын турш хурдацтай нэмэгдсээр 9.6 хувьд хүрээд буй.Макро нөлөөллийн хувьд Монголбанк энэ онд дотоодоос ч, гадаад талаас ч нэлээн “салхи сөрөх” шинжтэй.
Цахилгааны үнийн өсөлтийн дам нөлөө мэдрэгдэж эхэлсний зэрэгцээ энэ хавраас дулааны үнэ мөн нэмэгдэнэ. Хэрэгжиж эхлүүлэхээр төлөвлөсөн мега төслүүдийн санхүүжилт төлбөрийн тэнцэлд ачаалал болно. Түүнчлэн Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашиг болгож ирэх дөрөвдүгээр сард дахин бэлэн мөнгө тараах юм.БНХАУ удаашралд орсон гангийн салбарынхаа ашгийг нэмэхийн тулд үйлдвэрлэлийн гарцыг нь танах арга хэмжээ авахаа саяхан зарласан. Үл хөдлөх хөрөнгийн салбарынх нь уналт үргэлжилж, гангийн эрэлт тааруу хэвээр байвал Монголын экспортын гол бүтээгдэхүүн коксжих нүүрсний үнэд улам дарамт болох магадлал өндөр. Үүнээс гадна АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын эхлүүлсэн тарифын дайн БНХАУ-ын эдийн засагт, мөн олон улсын зах зээл дэх түүхий эдийн үнэд сайнгүй нөлөө үзүүлэх эрсдэлийг Монголбанк харгалзан үзжээ.Инфляц энэ оны турш зорилтот түвшнээс өндөр хадгалагдаж, ирэх оны II улирлаас л зорилтот түвшинд орж тогтворжино гэсэн төсөөллийг Төв банк гаргасан байна.
Б.Лхагвасүрэн: 2025 он бол маш том сорилтын жил байх болно
Казахстантай ижилсэв
Дэлхийн томоохон Төв банкнуудын дийлэнх нь цар тахлын үед оргилдоо хүрч байсан бодлогын хүүгээ өдгөө бууруулах чиглэлтэй байгаа ч Монголбанк ийнхүү эсрэг зүгт хөдлөхөөс аргагүй болж байна. Монголоос гадна Казахстаны Төв банк мөн инфляцтай хийх тэмцлээ эрчимжүүлж, бодлогын хүүгээ 16.5 хувьд хүргэж өсгөхөөр баасан гарагт шийдвэрлэжээ. Шатахуун түлшний үнэ, нэмүү өртгийн татварын түвшнээс шалтгаалж хоёрдугаар сард 9.4 хувьтай байсан инфляц нь энэ онд 10-12 хувьд хүрч өснө гэж үзэж байгаа аж.
Хөгжиж буй орнуудын мөнгөний бодлогод ихээхэн нөлөөтэй АНУ-ын Холбооны нөөцийн банк хэдий өнгөрсөн онд бодлогын хүүгээ бууруулсан ч Дональд Трампын шийдвэрүүдээс шалтгаалан энэ онд хүүгээ хэвээр барих хүлээлттэй байна. АНУ болон Монгол Улсын Төв банкны бодлогын хүүгийн зөрүү ихсэж, дээр нь урсгал тэнцлийн алдагдал хавсарвал төгрөгийн ханш улам сулрах эрсдэл бий.Үүнээс гадна Монголбанк хэрэглээний зээлийг хумих бодлогоо үргэлжлүүлж, банкнаас иргэдэд шинээр олгох болон нөхцөлийг нь өөрчлөх хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааны дээд хязгаарыг 50 хувьд шинэчлэн тогтоохоор сүүлийн хурлаараа шийдвэрлэлээ. Хоёрдугаар сарын байдлаар банкны салбарын нийт зээлийн үлдэгдэл 37 их наяд төгрөг хүрснээс 60 гаруй хувийг нь иргэдийн зээл бүрдүүлж буйг Монголбанкны статистик харуулж байна.