Т.БАТСАЙХАН
УИХ-ын хаврын ээлжит чуулганыг энэ сарын 17-ны даваа гарагт нээнэ. Хуулийн дагуу намрын чуулган аравдугаар сарын 1-нд, хаврын чуулган гуравдугаар сарын 15-нд нээлтээ хийдэг. Харин энэ удаад гуравдугаар сарын 15-ны өдөр нь бямба гарагт таарч байгаа тул даваа гарагт нээхээр төлөвлөжээ. УИХ-аас өнгөрсөн нэгдүгээр сард 2025 оны хаврын чуулганаар дараах асуудлыг хэлэлцэхээр баталсан юм. Тэгвэл хаврын чуулганаар хэлэлцэн батлах хуулиудаас онцлон хүргэж байна.
Хил холболтын гэрээний төслийг соёрхон батална
Гашуунсухайт-Ганцмодны боомтын төмөр замын холболтыг хийх Засгийн газар хоорондын гэрээ байгуулсан. Тэгвэл уг гэрээг УИХ соёрхон батлах учиртай. Энэ асуудал ээлжит чуулганы эхэнд орж ирнэ. Засгийн газар 14 мега төсөл хэрэгжүүлэхээ зарлаж, үүний хүрээнд Франц улстай ураны хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж чадсан. Харин дараагийн том төсөл нь Гашуунсухайт-Ганцмод төмөр замын хил холболтын төсөл. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д айлчилсан айлчлалынхаа үеэр тус улсын Ерөнхий сайд Ли Чянтай Харбин хотноо уулзаж, Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг холбох Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурсан юм. Тиймээс чуулганы хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэнэ.
Татварын багц хуулийг шинэчилнэ
Татварыг багц хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцэн батлахаар болжээ. Уг хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Х.Ганхуяг ажиллаж байгаа. Ажлын хэсгээс иргэдийн авч байгаа цалин бага, цалин нэмэгдсэн ч татвар дагаад нэмэгддэг гэсэн гомдол их байгаа. Харин аж ахуйн нэгжийн хувьд хуримтлалтай болж чадахгүй байна гэдэг асуудал. Энэ шалтгаан нь НӨАТ, ААНОАТ-аас болоод байгаа. Жишээлбэл, импортоор бараа бүтээгдэхүүн оруулж ирэх, түүхий эд материалаа авдаг, гаалиар орж ирэх мөчид гааль, НӨАТ төлдөг. Ямар ч борлуулалт хийгээгүй байж гааль, НӨАТ төлөх гэхээр иргэд, аж ахуйн нэгжүүд банкнаас зээл авч төлөхөөс өөр арга байдаггүй. Нэг ёсондоо одоо байгаа энэ тогтолцоо шаардлагагүй өндөр хүүтэй зээл авах нөхцөлийг бүрдүүлээд байна гэсэн дүгнэлтэд хүрч, татварын таатай орчин бүрдүүлэх хуулийн төслийг парламентаар хэлэлцүүлэх юм.
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барьсан.Шинэчилсэн найруулгын төслөөр сэтгүүл зүйн мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой нэр томьёоны тайлбарыг олон улсын хандлага, дотоодын эрх зүйн тогтолцоо, тухайн салбар шинжлэх ухаанд нийцүүлжээ. Мөн хэвлэл мэдээллийн байгууллагын зорилго, төрлийг тодорхойлж, хариуцлагатай сэтгүүл зүйг төлөвшүүлэх, олон ургалч үзлийг дэмжих зорилгоор түүний эзэмшлийн ил тод байдалтай холбоотой зохицуулалт тусгасан байна. Түүнчлэн, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчийн эх сурвалжаа хамгаалах эрхийг баталгаажуулах зүйл заалт оруулсан гэдгийг онцолсон. Түүнчлэн Ч.Лодойсамбуу нарын гишүүд хамтран Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн дахин нэг төслийг өргөн барьсан бөгөөд Засгийн газраас өргөн барьсан төсөлтэй хамт хэлэлцэхээр төлөвлөжээ.
Хууль тогтоомжийн тухай хуулийг өөрчилнө
Хууль тогтоомжийн тухай хууль нь хууль батлан гаргах стандарт юм. Хуулийг тодорхой хэлбэрээр “цутгаж” байна гэж үзвэл цутгуурын тэр хэвийг нь Хууль тогтоомжийн тухай хуулиар зохицуулна гэсэн үг юм. Энэ утгаараа хаврын чуулганаар Хууль тогтоомжийн тухай хуулийг өөрчлөхөөр болжээ. Ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар ахалж байна. Тэрээр “Хууль тогтоомжийн тухай хуулийн хүрээнд дараа дараагийн хуулиуд гаргах учраас олон асуудал яригдаж байна. Жишээлбэл, Монгол Улсын төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт маш олон хуулийн төсөл өргөн мэдүүлдэг. Энэ хэрээр олон хууль өөрчлөгддөг. Үүний нөгөө тал нь эрх зүйн тогтворгүй байдал үүсч байна. Энэ бол нэг л жишээ. Иймд хууль тогтоомжийг боловсруулахтай холбоотой эрх зүйн орчноо цэгцлэх хэрэгтэй” гэлээ.
20 гаруй улсад суух Элчин сайд нарыг томилно
Мөн энэ хаврын чуулганаар УИХ-аас томилдог хэд хэдэн албан тушаалтны томилгоог хэлэлцэх бололтой. Түүнчлэн Элчин сайд нарыг томилно. Учир нь 20 гаруй улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдын бүрэн эрхийн хугацаа энэ жил дуусгавар болж байгаа юм. Тиймээс эдгээр албан тушаалуудад шинэ хүн томилох нөхцөл үүсэж намуудын түвшинд сайд нарын нэрс яригдаж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 10. ДАВАА ГАРАГ. № 43 (7539)