Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Халхголын удирдлагууд хотод ирж заргалдав

Л.БАТБААТАР

Дорнод аймгийн Халхгол сумын 500 мянган га газрыг чөлөөт бүсийн зориулалтаар ашиглах тухай УИХ-ын 75 дугаар тогтоол гарсан. Тогтоолыг Халхгол сумын иргэд эрс эсэргүүцэж байгаагаа удаа дараа илэрхийлж буй. Үүнтэй холбогдуулан Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа  УИХ-ын 75 дугаар тогтоолыг  танилцуулах зорилгоор Халхгол сумын иргэдтэй уулзахаар тус суманд очиход нутгийн иргэд хүлээж аваагүй билээ. 

Харин ХХААЯ-ны сайд Р.Бурмаа томилолтоос ирсэн даруйдаа “Халхгол сумын удирдлагууд их хэмжээний газрыг гадаадын компаниудад эзэмшүүлсэн байна. Иймд тус сумын удирдлагуудыг АТГ-аар шалгуулна” гэж мэдэгдсэн. Энэ мэдэгдлийг ор үндэсгүй зүйл  хэмээн Дорнод аймгийн Халхгол сумын Засаг дарга В.Мөнхтайван болон сумын иргэдийн өмгөөлөгч  Г.Батбаяр нар  Улаанбаатар хотод ирж, өчигдөр хэвлэлийн бага хурал хийлээ.

УИХ-ын гишүүн, ХХАА-н сайд Р.Бурмаа өнгөрсөн до­лоо хоногт АТГ-т Дорнод айм­гийн удирдлагуудтай холбоо­той баримтыг дэлгэхдээ “Тус аймгийн Халхгол су­мын одоогийн Засаг дарга В.Мөнх­тайван хадлангийн талбай түрээслэх нэрийдлээр 6000 гаруй га талбайг хууль бусаар эзэмшүүлсэн байна. Тухайлбал, Хятадын хөрөнгө оруулалттай “Соёмбо буудай” компанид 1621 га талбайг “Үйзэн тал” компанид эхлээд долоон мянга, сүүлд 14 мянга га талбайг эзэмшүүлсэн байна” гэсэн мэдээлэл өгсөн юм.

Харин Халхгол сумын Засаг дарга В.Мөнхтайван үүнийг үгүйсгэн “Намайг Солонгосын хөрөнгө оруулалттай компа­нид газар худалдсан, Хятадын хөрөнгө оруулалттай “Соёмбо буудай” компанид газар худалдсан, хадлангийн талбай худалдсан, аялал жуулчлалын зориулалтаар ашиглах газрыг Хятадын компанид худалдсан, газар тариалангийн талбайг бусдад хууль бусаар эзэм­шүүлдэг гэсэн таван зүйлээр ор үндэсгүйгээр гүтгэж байна.

“Хансолмо” хэмээх Солон­госын хөрөнгө оруулалт­тай компанид газар худалдсан гэх асуудалд миний бие ямар ч холбоогүй. 2009 онд Халхгол сумын ИТХ-аас гарсан тогтоол шийдвэрийн дагуу тус компани газар эзэмших зөвшөөрлөө авсан. Удалгүй үйл ажиллагаа явуулаагүйн улмаас эрх нь цуцлагдсан. 2011-2012 онд энэ газрыг Монголын дөрвөн аж ахуйн нэгж эзэмшиж байсныг миний бие 2015 онд газрын зөвшөөрлийг нь цуцалсан. Эдгээр аж ахуйн нэгжид газар зарсан гэдэг нь үндэслэлгүй гэдгийг албан ёсоор мэдэгдье.

2013 оны есдүгээр сард “Соёмбо буудай” компани Монголын гурван иргэний өмч болох газрыг шилжүүлж авсан байдаг. Энэ асуудалд намайг буруутгаж Хятадын аж ахуйн нэгжид газар худалдсан гэж мэдэгдсэн. Бас л үндэслэл байхгүй. Энэ компанийн эзэмшигчийг тогтоолгохоор хуулийн байгууллага болон Мэргэжлийн хяналтын газарт хандсан байгаа” гэв.

Мөн тэрээр “Газрыг гадаадын иргэнд эзэмшүүлж, өмчлүүлэхийг хуулиар хо­риг­­­лосон байдаг. Миний хувьд гадаадын иргэнд газар зарсан, өмчлүүлсэн гэх асуудал байхгүй. 113 мянган га хадлангийн талбай ашиглуулсныг зарсан хэмээн мушгин гуйвуулж байна. Энэ жил Төвийн бүсийн нутгаар гандуу байсны улмаас Халхгол сумын нутгаас хадлан бэлтгэх хүсэлт ихээр ирж байсан. Сумын ИТХ-аас 150 мянган га газраас  хадлан бэлтгүүлэх шийдвэр гаргасан. Газрын тухай хуулийн 53.4-т заасны дагуу миний бие бүрэн эрхийхээ хүрээнд аж ахуйн нэгжид газар ашиглуулсан. Зөвхөн хадлан бэлтгэх зориулалтаар. Орон нутгийн төсөвт хадлан бэлтгэлээс 55 сая төгрөгийн татвар төвлөрсөн. 96 иргэн ажлын байртай болсон. 113 мянган га газрын 20 гаруй мянган га газарт л хадлан бэлтгэсэн. 2013 онд Халхгол суманд зуд болж гамшгийн байдалд хүрсэн.

Зуднаас урьдчилан сэргийлэх зорилгоор сумандаа хадлан бэлтгэх аж ахуйн нэгж байгуулахаар шийдсэн. Энэ хүрээнд “Алтай” группийн зүгээс тэжээлийн үйлдвэр байгуулах санал тавьсан. Саналыг зөвшөөрч хуулийн дагуу үйлдвэрийн газрыг ашиглуулж байна. Хэрэв нэг жил  газрын төлбөрөө төлөхгүй бол газрын зөвшөөрөл цуцлагдана. Хоёр жилийн дотор үйл ажиллагаа явуулж эхлэхгүй бол мөн цуцлагдах хуулийн заалтын дагуу зөвшөөрөл олгосон. Аж ахуйн нэгжүүд Халхгол суманд хадлан бэлтгэж байна. Үүнийг мушгин гуйвуулж Халхгол сумын Засаг дарга хадлангийн газрыг зарсан гэж байна. Энэ асуудлыг хууль хяналтын байгууллага шалгана. Хуульд газрыг эзэмших, ашиглах, өмчлөх гэсэн гурван заалт бий. Бидний зүгээс газрыг ашиглуулсан гэдгийг албан ёсоор хэлье” гэв.
Тэрбээр хэвлэлийн хурлын төгсгөлд “Халхгол сумын хувьд аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилт тавин ажилладаг. Орон нутгийн аж ахуйн нэгж аялал жуулчлалын бааз байгуулах зорилгоор дуудлага худалдаанд оролцож газар эзэмшсэн. Тухайн газрыг орон нутгийн аж ахуйн нэгж эзэмшихээр  зөвшөөрөл авсан бөгөөд бүхий л  үйл ажиллагаа нь хуулийн дагуу явагдаж байна. Тухайн аж ахуйн нэгж Хилийн цэргийн хорооноос зохих зөвшөөрөлтэй байсныг мөн л гуйвуулж ямарч зөвшөөрөлгүй хууль бус үйл ажиллагаа явуулсан гэж мэдэгдсэн. Энэ аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж хараахан эхлээгүй дөнгөж баазаа байгуулж буй. Сумын удирдлагаас зөвхөн газрын зөвшөөрөл авдаг. Бусад зөвшөөрлийг холбогдох яамнаас авна. Миний хувьд аялал жуулчлалын чиглэлээр зөвшөөрөл олгох эрхгүй.

Миний бие дур зоргоор газар хагалуулах шийдвэр гаргаагүй гэдгийг албан ёсоор хэлье, мөн хууль хяналтын байгууллагад шалгуулахад ч бэлэн” гэсэн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан