Л.БАТБААТАР
Монголын уламжлалт анагаах ухаан бол хүний биеийг амьтан ургамлын болон байгалийн эрдэс бодисоор эмнэдэг. Хүний биеийг нэгэн цогцоор авч үздэг учраас зүрх, нүд бөөр, чих, гэсэн салангид ойлголт байдаггүйгээр орчин үеийн анагаах ухаанаас ялгаатай. Уламжлалт анагаах ухааны эмчилгээний талаар уламжлалт эмчилгээний их эмч О.Цэрэнсүрэнтэй ярилцлаа.
-Олон төрлийн эмчийн мэргэжлээс яагаад уламжлалт эмчилгээний их эмч болсон бэ?
-Манай эмээ бариач хүн байсан. Би аравдугаар ангиа дүүргээд Боловсролын их сургуульд суралцан төгссөн. Эмч болох хүсэлдээ хөтлөгдөн Эрүүл мэндийн шинжлэх ухааны үндэсний их сургуульд элсэн орсон юм. Уламжлалт эмчилгээний их эмч болох сонирхолтой байлаа. Хүүхэд байхдаа эмээгийнхээ бариа засал хийж, өвчтөнг илааршуулахыг харж өссөн нь намайг уламжлалт эмчилгээний их эмч болоход гол нөлөө үзүүлсэн гэж боддог.
-Хуучин нийгмийн үед Анагаах ухааны дээд сургуульд уламжлалт эмчилгээний анги гэж байгаагүй байсан. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль хэдэн оноос эхлэн уламжлалт эмчилгээний салбарыг нээж эмч бэлтгэсэн бэ?
-Монголд ардчилсан хувьсгал ялснаар үндэсний гэсэн тодотголтой бүх зүйл сэргэсний нэг нь уламжлалт анагаах ухаан юм. Ардчиллаас өмнө бариа засал хийдэг хүмүүс энэ чадвараа нууцалдаг байсан нь тухайн үеийн нийгмийн байгуулалтай холбоотой.
-Уламжлалт эмчилгээ гэж юуг хэлдэг юм. Үүнд ямар төрлийн эмчилгээ багтдаг вэ?
-Ардын эмчилгээ болон уламжлалт эмчилгээ гэдэг бол хоёр өөр ойлголт юм. Ард түмний дунд ам дамжин яригдаж ирсэн эгэл аргаар ардууд биеэ эмчилж ирсэн арга ухааныг ардын эмчилгээ гэдэг.
Уламжлалт эмчилгээ нь шинжлэх ухааны үндэслэлтэй. Хий, шар, бадганы онол дээр үндэслэн өвчтөнийг оношилж эмчилгээ хийдэг. Уламжлалт анагаах ухаанд хүний бие махбодыг дүр эс урвасан эрүүл, дүр урвасан эрүүл бус гэж үздэг. Уламжлалт анагаах ухаанд хий, шар, бадгана гурван махбод, долоон тамир (чөмөг, цөв, дусал, цус, тунгалаг гэх мэт) болон гурван хир (хөлс, өтгөн, шээс), тэнцвэртэй байснаар хүний бие эрүүл байна гэж үздэг. Эдгээрийн зохист харьцаа алдагдвал хүний бие өвчилнө хэмээн заасан байдаг.
Уламжлалт анагаах ухаанд заслыг зөөлөн, хатуу гэж хуваадаг. Зөөлөн засалд төрөл бүрийн жин тавих, дэвтээлэг, түрхэж илэх, нухлах засал, бумба тавих зэрэг засал ордог. Хатуу засалд зүү төөнүүр, самнуур, шивүүр зэрэг орно. Мөн туулгах, бөөлжүүлэх засал бий. Зүү эмчилгээг дотор нь бүх биеийн, гарын, чихний зүү эмчилгээ гэж гурав хуваадаг.
-Зүү тавьж байна гээд хүний биеийн бүх хэсэгт хатгасан харагддаг. Зүүгээр эмчлэх эмчилгээний ач тусын талаар ярихгүй юү?
-Ер нь бүх төрлийн өвчнийг зүү тавьж эмчилдэг. Зүү тавьж болохгүй эсрэг заалттай цөөхөн төрлийн өвчин байдаг. Мэс заслын дараа болон ил шархтай үед зүү тавихыг хориглодог. Зүү тавьснаар бүх төрлийн өвчин эдгэрэхэд сайн нөлөө үзүүлнэ. Тухайн өвчнийг эмчлэх жороо хэрхэн сонгохоо уламжлалт эмчилгээний их эмч гарын арван хуруу шигээ мэддэг байх ёстой. Зүү эмчилгээний жор гэж тусдаа бий. Зүү тавих эмчилгээний “Суваг хэрз”-ийн онол гэж байдаг. Энэ онолын дагуу зүү тавьснаар хүний биеийн хэсэгт бөглөрсөн цусыг гүйлгэж, хий болон цусны гүйдлийг сайжруулж, нүх сүвийг нээснээр өвчнийг илааршуулна. Мэдрэлийн гаралтай саа, саажилт болон бүх төрлийн өвчинд зүү тавих эмчилгээ үр дүнтэй байдаг юм. Зүү тавих эмчилгээ дотроо олон янз байдаг. Усан, цахилгаан, гурвалжин зүү гэх мэт. Тархины доргилт, зөөлөн эдийн гэмтлүүд, жирэмслэхгүй байгаа эмэгтэйчүүдэд зүү эмчилгээ илүү үр дүнтэй. Мөн архаг болон удсан ужгирсан өвчтэй хүн уламжлалт эмчилгээ хийлгэх нь их.
-Орчин үеийн анагаах ухаан буюу европ эмчилгээ ба уламжлалт анагаах ухаан гэсэн хоёр төрлийн эмчилгээ зэрэгцүүлдэг. Энэ хоёр төрлийн эмчилгээний давуу болон сул талыг дурдахгүй юү?
-Энэ хоёр төрлийн эмчилгээнд давуу болон сул байдаг. Уламжлалт эмчилгээг Европын анагаах ухаантай хавсарч өвчтөнийг эмчилбэл илүү үр дүнтэй байдаг. Аль нэгийг нь үгүйсгэж болохгүй. Удсан, архагшсан өвчинд болон настай хүмүүсийн биеийн тамир тэнхээг сайжруулах тал дээр уламжлалт эмчилгээ илүү үр дүнтэй. Орчин үеийн анагаах ухаан нь мэс засал, эм тариа, дусалаар өвчтөнг эмчилдэг. Хүчтэй эм тариандаа буцаад хорддог гэсэн ойлголт иргэдийн дунд байдаг.
-Зүүнээс гадна уламжлалт эмчилгээний төрлүүдийг дурдахгүй юү?
-Төөнүүр эмчилгээ хийснээр хүйтэн хий хургасан цэгт дулааны үйлчилгээ үзүүлж хүйтэн хийг гадагшуулдаг. Дотроо өвсөн, шовгон, харандаан, утаагүй, наадаг төөнүүр гэх мэт олон төрөл бий. Мөн уудаг тан бол маш олон янз. Уламжлалт эмчилгээний эмч өвчтөний судас барин, орчин үеийн анагаах ухааны шинжилгээний хариутай харьцуулж үздэг. Ингэсний дараа тухайн хүний өвчин халуун юм уу эсвэл хүйтэн талдаа байна хэмээн оношилж уулгах тангаа сонгодог. Нийт 404 өвчин байх ба дотроо халуун хүйтэн хэмээн хуваагддаг.
-Европ эмчилгээ хийлгээд эдгэрээгүй өвчтөнг уламжлалт эмчилгээний аргаар илааршуулсан тохиолдол байдаг болов уу?
-Ийм тохиолдол амьдралд байдаг. Улсын нэгдүгээр болон гуравдугаар эмнэлэгт хэвтэж эмчлүүлээд сайн илааршаагүй өвчтөнгүүд уламжлалт эмчилгээ хийлгэснээр дээрдсэн тохиолдол бий. Орчин үеийн анагаах ухаанд байдаггүй оношийг уламжлалт ангаах ухаанаар оношилдог.
-Тухайлбал?
-Хий өвчин гэсэн ойлголт орчин үеийн анагаах ухаанд байхгүй. Зүрхний хий болон зүрхний долгилос гэсэн онош уламжлал эмчилгээнд байдаг. Европ эмчилгээний энэ онош нь уламжлал эмчилгээний ийм оноштой дүйцнэ хэмээн дүйцүүлж оношилдог тал бий. Дүйцэхгүй онош бас байдаг. Зүрхний эмчилгээ хийгээд л байдаг. Зүрхний хийг нь дарахгүй болохоор өвчтөн их зовиурладаг. Мөн бөөрний хүйтэн болон бөөрний халуун өвчин гэж бий. Орчин үеийн анагаах ухаан энэ өвчнийг бөөрний өрөвсөл гэж оношлон антибиотекоор эмчилдэг. Уламжлалт эмчилгээнд тан уулгаж бөөрний зүү эмчилгээг төөнүүртэй хавсран эмчилбэл илүү үр дүнтэй байдаг. Мөн давсагны өрөвсөл буюу циститийг бас л антибиотекоор эмчилнэ. Уламжлалт эмчилгээний жороор танг уулган, зүү болон төөнүүр тавьж эмчилгээ хийхэд, өвтөнгүүд маань “ Зовиургүй сайхан боллоо” гэж хэлдэг юм.
-Сүүлийн үед иргэд маань уламжлалт эмчилгээгээр их эмчлүүлэх болсон ажиглагддаг. Энэ талаар таны бодол?
-Уламжлалт эмчилгээний ач тусыг иргэд маань ойлгодог болсон. Мөн антибиотек ууж хордохгүй юм байна гэдгээр нь уламжлалт эмчилгээнд хандаж эмчлүүлэх сонирхол их болсон нь үнэн. Миний оюутан байх үе буюу 1999 оноос эхлэн уламжлалт анагаах ухааны эмчилгээ сэргэсэн гэж боддог. Энэ үеэс уламжлалт эмчилгээний хувийн эмнэлгүүд нээгдэж үйл ажиллагаа явуулж эхэлсэн байдаг. Уламжлалт анагаах ухааны эмчилгээг дэлгэрүүлэхэд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Уламжлалт анагаах ухааны сургуулийн багш профессор Төмөрбаатар агсаны оруулсан хувь нэмэр их юм.