Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Мөнххайрхан уул - Үндэсний цогцолборт газар

Баян-Өлгий аймгийн Булган сум, Ховд аймгийн Мөнххайрхан сумын хил залгаа нутгийг дамнан 40-80 километрийн өргөнтэйгөөр баруун хойноос зүүн урагш 200 гаруй километр үргэлжлэн оршдог. Мөнххайрхан уулын ноён оргил нь 4362 метр өндөр бөгөөд мөнх цас мөсөн гол бүхий Монголын хоёр дахь өндөр оргил болно. Мөнх цас, мөсөн гол нь 200-гаад хавтгай дөрвөлжин километр талбайг эзлэн оршино. Монгол Алтайн нурууны мөсөн голуудын дундаж зузаан нь 56 метр байдаг бол Мөнххайрхан уулын мөсний зузаан нь 130 гаруй метр хүрч тус орны гол мөрний нийлбэр урсацаас бараг 2 дахин, газар доорхи хөдөлгөөнт усны нөөцөөс 5 дахин их цэвэр усны нөөц хадгалагдаж байгааг судлаачид тогтоосон байна. Булган, Сэнхэр, Үенч, Бодонч зэрэг томоохон голууд Мөнххайрхан уулаас  эх аван урсдаг. Мөнххайрхан уулын газар нутагт хоёр нутагтан мөлхөгчдийн олон төрөл зүйл нэг дор оршдог 4 том тархац нутгийн нэг юм.

Монгол улсын Улаан номонд орсон Тойрмын хонин гүрвэл ганцхан Мөнххайрхан уулын дэд мужид бий. Мөн ховорт тооцогддог ногоон бах, үхэрдэй, жунгаарын загас зөвхөн Булган голд нь бий. Дэлхийд ховордсон, зөвхөн Ази тив, Монголд байдаг нэн ховор ургамал болох “залаархаг хавраг буюу чийр” ургадаг. Вансэмбэрүү, таван салаа, алтан зул, алтан гагнуур, юмдүүжин зэрэг эмийн ургамал ургана. Мөн шинэсэн ойн зурвастай бөгөөд нийт талбай нь 198 га хүрнэ. Мөнххайрхан уулын орчимд Алтайн урианхайчууд, казакууд оршин суудаг. Түүх соёл угсаатны байгалийн аялал, эрдэм шинжилгээ судалгааны аялал, уулын спортын аялал, Усан спортын аялал, ердийн хөсгийн болон явган аялал, спорт ан агнуурын аялал зохион байгуулахад тохиромжтой. Байгалийн цэнгэг усны асар их нөөцийг хадгалах, олон голуудын эхийг хамгаалах, хөрсний чийгийн горимыг тогтвортой байлгах чухал ач холбогдолтойг анхаарч 2006 онд 301213 га талбайг хамруулан улсын тусгай хамгаалалтанд авсан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан