АНУ-ын Харвардын их сургуулийн багш, профессор Лоуренс Лессиг тус улсын ерөнхийлөгчийн сунгаанаас гарах шийдвэр гаргажээ. Ардчилсан намын гишүүн бөгөөд Вашингтонд авлигатай хүчтэй тэмцэхээ амлаж байсан тэрбээр энэ тухайгаа дэмжигчдэдээ хандаж дүрс бичлэгээр үг хэлэхдээ мэдэгдсэн байна.
Ийм шийдвэр гаргах болсныхоо гол шалтгааныг тэрбээр АНУ-ын Айова муж улсад 11 дүгээр сарын 14-нд болох ерөнхийлөгчийн мэтгэлцээнд оролцох шаардлагыг Ардчилсан намын төлөөлөгчид чангатгасантай холбон тайлбарласан байна. Уг мэтгэлцээнд олон нийтийн дунд явуулсан сүүлийн гурван санал асуулгын дүнд хамгийн багадаа 1 хувийн санал авсан нэр дэвшигчид оролцох боломжтой аж. Лессиг ийм дэмжлэгийг авч чадаагүй байна.
Хэрэв Ерөнхийлөгчөөр сонгогдвол АНУ-ын Конгресс дэх авлигатай тэмцэхээ, мөн их хэмжээний хөрөнгөтэй хувь хүмүүс болон компаниуд улс орны улс төрийн амьдралд нөлөөлөхийг багасгах арга хэмжээ авна гэж тэрбээр урьд нь мэдэгдэж байв.