Умард Солонгост нарны зайгаар ажилладаг хотын автобусуудыг даваа гарагт танилцуулсан тухай Өмнөд Солонгосын Ёнхап агентлаг тус улсын төв телевизийн мэдээллийг иш татан уламжилжээ.
Умард Солонгосын төв телевизийн мэдээлснээр, ийм автобусуудыг үйлдвэрлэж дууссан бөгөөд Шар тэнгисийн эрэгт оршдог Нампо боомт хотын иргэдэд үйлчилж байна. Автобусны дээвэрт 100 ваттын хүчин чадалтай 32 нарны зай хураагуур суурилуулсан бөгөөд тэдгээрийг цахилгаан хөдөлгүүрийг ажиллуулах эрчим хүчийг хуримтлуулдаг 50 конденсатортой холбожээ.
Нарны зайгаар ажилладаг автобусууд 70-140 хүртэл зорчигч тээвэрлэсэн үед цагт 40 км хүртэл хурдалж чаддаг болохыг Умард Солонгосын телевиз онцолсон байна.
Умард Солонгост нийтийн тээврийн үйлчилгээнд түгээмэл ашигладаг троллейбус, автобусууд эрчим хүчний хомсдолын улмаас тус улсын иргэдэд олон жил хүндрэл учруулсаар иржээ. Троллейбусууд цахилгаан тасарсны улмаас, автобусууд бензин нь дуусч зогсох тохиолдол байнга гардаг байна.
Нарны зай нэвтрүүлснээр энэ асуудлыг шийднэ хэмээн умард солонгосчууд найдаж байна.