Москвагийн цагаар өглөөний 06:51 цагт онгоц хөөрлөө
Улаан тэнгисийн хойд тохойд байрлах Египтийн Синайн мужийн Шарм Эль Шэйх олон улсын нисэх онгоцны буудлаас ОХУ-ын Санкт-Петербург чиглэлд “Аэробус А-321” онгоц өнгөрсөн бямба гарагт Москвагийн цагаар өглөөний 06:51 цагт хөөрчээ. “Когалымавиа” компанийн иргэний агаарын зорчигч тээврийн онгоцонд нийт 224 хүн байсан бөгөөд онгоц хөөрснөөс хойш 23 минутын дараа тэдэнтэй холбоо тасарч, удалгүй радарын дэлгэцэнд нислэг харагдахаа больжээ. Тэр даруйд Египтийн талаас холбоо тасарсан байршил руу аврах баг илгээсэн ч харамсалтай нь, “Аэробус А-321” агаарын хөлгийг хойд Синайн Эль Ариш хотоос өмнө зүгт сүйрсэн байхад нь олсон байна.
Амь үрэгдэгсэд Орос, Украины иргэд байв
“Онгоцны ослоос амьд гарсан хүн байхгүй, 224 хүн амь үрэгдсэн” гэж ОХУ болоод Египтийн тал мэдээлж байна. Тэдний долоо нь хөлгийн гишүүд бөгөөд 214 зорчигчийн 25 нь 11 хүртэлх насны хүүхдүүд байжээ. Мөн амь үрэгдэгсдийн дотор хамгийн бага нь 10 сартай Дарина Громова охин байж. Түүнийг хамгийн сүүлд Шарм Эль Шэйх олон улсын нисэх онгоцны буудлын цонхоор ширтэж байгаа зураг ослын дараагаар цахим орчинд тарж, олон хүн гашуудаж байна. Түүнчлэн онгоцонд залуу хосууд олноор зорчиж байсан бөгөөд бал сараа тэмдэглээд нутагт буцаж явсан талаар талийгаачдын ар гэрийнхэн дурсан санаж байна. Мөн амиа алдсан хүмүүсийн 95 хувь нь оросууд бөгөөд дөрөв нь Украин улсын иргэн байсан гэж нислэгийн тоо бүртгэлд түшиглэн олон улсын хэвлэлүүд мэдээллээ. Осол уулархаг бүсэд болсон учраас ослын газраас 129 цогцос олж, үлдсэнийг нь эрэн хайсаар байна. Мөн цогцсыг таних үүднээс нас барсан иргэдийн хамаатан хэмээн цугласан иргэдээс ДНК шинжилгээ авч, цогцос таниулах ажлыг хийж эхэлжээ.
Орос, Украин гашуудаж байна
Энэ их уй гашуу тохиосон арваннэгдүгээр сарын 1-ний өдрийг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин үндэсний гашуудлын өдөр болгон зарлалаа. Ингэснээр олон нийтийг хамарсан баяр, ёслол зэргийг цуцалж, төрийн далбааг бөхийлгөсөн байна. Харин Украин улсын Гадаад хэргийн сайд Павло Климкин өөрийн улсын дөрвөн иргэн амь үрэгдсэнд харамсаж байгаагаа илэрхийлээд тэдний ар гэрт эмгэнэл илэрхийлжээ. Шарм Эль Шэйх олон улсын нисэх буудал болон ОХУ-ын Санкт-Петербур хотын нисэх буудал дээр маш их лаа асааж, нас барсан хүүхдүүдэд зориулан иргэд тоглоом өржээ.
Ослын шалтгаан юу байв
Онгоцны сүйрлийн шалтгааныг тогтоох хар хайрцаг, онгоцны хэлтэрхий гээд бүх зүйлийг олсон ч талууд эцсийн байдлаар онгоцны ослын шалтгааныг бататгаж, мэдээлэл хийсэнгүй. Харин урьдчилсан байдлаар ОХУ-ын хэвлэлүүд “Когалымавиа” копанийн нисгэгчид болон техникийн зөвлөл удирдлагууддаа онгоцны эд ангийг солих шаардлагатай байгаа талаар гомдол хүргүүлж байжээ гэж мэдээлсэн байна. Мөн “Россия-24” суваг хэвлэлүүдийн мэдээлж байгаа “Онгоцны нисгэгч техник хуучирч элэгдсэн талаар гомдлыг компанийн удирдлагад өмнө нь мэдэгдэж байсан” гэдгийг баталжээ. Гэхдээ ОХУ-ын агаарын тээврийн хэрэг эрхлэх тусгай мэргэжилтнүүд ослын газарт ажиллаж, мөрдөх ажиллагааны дүнд гарсан дүгнэлтийг өөрийн улс руу илгээжээ. Тиймээс өнөөдөр албан ёсоор ослын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр болсон юм.
Харин Египт улсын агаарын хилийн хяналтын төвөөс ослын газар очиход ямар нэг террорист халдлага болсон эсэх ямар ч ул мөр байгаагүй гэдгийг онцлон хэлжээ. Мөн нислэгийн өмнө техникийн бүрэн бүтэн байдлыг шалгаж мэдүүлэхдээ “Бүх зүйл сайн байна” гэж тайлагнасан байна. Түүнчлэн хар хайрцаг дотор ослын өмнө ямар ч хачирхалтай гэмээр дуу чимээ бичигдээгүй байна. Үүнээс үүдэн, “осол гэнэт болж нисгэгчид хар хайрцагт өөрсдийн дуу хоолойг болон ослын талаар ямар нэг зүйл бичиж амжаагүй” гэж таамаглаж байгаа юм. Мөн Синай хэсэгт лалын дайчидтай байлдаж байгаа гэх Египт улсын цэргүүд агаарт ямар ч пуужин хөөргөөгүй гэжээ. Харин эсрэгээрээ лалын дайчид бүлэглэл “Бид онгоцыг сөнөөсөн. Баяртай байна” зэргээр ослын хариуцлагыг хүлээжээ. Гэсэн ч ОХУ-ын Тээврийн сайд онгоцны осол ямар ч террорист бүлэглэлтэй холбоогүй нь баттай талаар ам нээжээ.
Мөн Египт улсын албаныхан лалын дайчдын мэдэгдэлд итгэхгүй байгаа талаар өгүүлсэн байна. Учир нь, нэгт онгоц маш өндөрт буюу 30 мянган фитийн өндөрт байсан. Хоёрт, лалын дайчдад тийм төрлийн зэвсэг байхгүй. Гуравт осолдсон газарт лалын дайчид байх ямар ч үндэслэл байхгүй гэжээ.
Энэ үйл явдал нь ОХУ-ын Засгийн газар батлан хамгаалах салбартаа их хэмжээний төсөв төсөвлөж байхаар олон улсын нислэг үйлддэг онгоцоо шинэчлэх асуудалд зарцуулж, төвлөрөх хэрэгтэй гэдгийг сануулсан хэрэг хэмээн олон улсын мэдээллийн агентлагууд онцолсон байна. Мөн техник, төхөөрөмжөө сайжруулахгүй байгаа нь ОХУ-ын иргэний агаарын тээврийн нэр хүндийг олон улсад унагана гэдгийг хамгийн сүүлд 2012 онд авиа компаниуд эрх баригчдад хандан хэлж байсан удаатай гэнэ. Египт, ОХУ хоёрын хувьд хувьд 1994 оноос хойш шууд нислэг үйлдэж эхэлсэн бөгөөд “Аэробус А-321” агаарын хөлөг сүйрсэн нь бусад харилцаанд нөлөөлөхгүй гэдэгт найдаж байгаа талаар албаныхан мэдэгджээ.