Б.БААТАР
Энэ долоо хоногийн гол анхаарал хандуулах ёстой сэдвийн нэг бол яах аргагүй АНУ болон БНХАУ-ын харилцаа таагүй болсон үйл явдал. Өнгөц харвал АНУ БНХАУ-ын бүтээн байгуулж байгаа хиймэл арал, өмнөд Хятадын тэнгист хараа хяналт тогтоох гэсэн оролдлого мэт боловч олон улсын тоймчид өөр байр суурьтай байна. Тэд АНУ хиймэл арлуудыг сөнөөх нь буруу, БНХАУ хиймэл арал дахин хийхгүй байх нь зөв гэх мэтээр тайлбар, зөвлөгөө өгсөөр байгаа юм.
Өмнөд Хятадын тэнгист чухам юу болоод байгаа талаар эх сурвалжууд газар дээрээс нь мэдээлсээр байна. Олон улсын Далай тэнгисийн хуулиар олон улсын далайн хил хязгаарт ямар ч улс орон нэвтрэх, чөлөөтэй явах эрхтэй ч үйл ажиллагаа, бүтээн байгуулалт явуулах эрхгүй байдаг дүрэмтэй. Гэвч Далайн тэнгисийн тухай хуульд газрын тосны цооног илрүүлсэн, загасчлалын тухай л тодорхой заасан байдаг болохоос биш хиймэл арал хийх талаар ямар ч заалт байхгүй учраас хятадууд ийнхүү элсээр хиймэл арал байгуулж эхэлсэн гэдгээ илэрхийлээд байгаа юм. Хятад Японы арлын маргаан, Тайвань Хятадын арлын маргаан, Филиппин Хятадын болон Вьетнам Хятадын арлын маргаан нь АНУ-ыг ийнхүү цэрэг хөдөлгөхөд нөлөөлсөн байх талтай гэдгийг ч мэргэжилтнүүд онцолж байна.
Уг нь арал байгуулах тэрхүү санаа, технологи нь тун сонирхолтой аж. Жижиг бүтэцтэй арал дээр эсвэл арал болоход ойрхон далайн товгор хэсэгт элсээр нарийн бэхжүүлэлт хийж цутган хиймэл арлыг бий болгож эхэлснээс хойш өдгөө таван жил өнгөрчээ. Ингэснээр БНХАУ өөрөө өөртөө газар бий болгож, тэндээ эхний ээлжинд судалгаа явуулах төвүүдийг байгуулж эхэлсэн юм. Ойрын жилүүдэд өмнөд Хятадын тэнгисээр дамжин өнгөрөх болсон хөлөг онгоцуудад худалдаа эрхлэх, далайн тээврийн үйл явцад голлон тоглогчийн үүрэг гүйцэтгэж эхэлсэн нь АНУ-ын дургүйцлийг хүргэсэн нь энэ. Нөгөө талаар Номхон далайд БНХАУ-ын усан флотын хөлөг онгоцууд үзэгдэх болсон нь АНУ-ын айлгаж орхисон ч байж мэднэ.
Хайнань шиг хэд хэдэн аралтай болоод амжсан Хятадын хувьд хуурай газартай болно гэдэг стратегийн нэг давуу тал болох нь гарцаагүй. Их гүрний бодлого ямар хүчтэй бас өндөр хараа хяналт дор байдаг гэдгийг ийнхүү АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн арлыг устгах шийдвэр батлан харуулав. АНУ БНХАУ-ыг агаарын нисэх бааз, усан боомт, гэрэлт цамхгууд барьж байгаад ч мөн эсэргүүцлээ илэрхийлж устгана хэмээн сүрдүүлсэн. Хэдийгээр АНУ-ын Усан цэргийн флотын байлдааны хөлөг онгоцууд Хятадын хиймэл арлуудыг устгаагүй байгаа ч хөлөг онгоцууд арал дээр тулж ирээд байна. Харин БНХАУ-ын эрх баригчид АНУ-ын хөлөг онгоц Хятадын эзэмшилд байсан таван хиймэл арлыг сөнөөсөн учраас их хэмжээний мөнгө нэхэмжлэх болно гэдгээ сануулсаар байгаа юм. Гэхдээ улс төрийн шийдвэр гартал түр хүлээж байгаа талаараа ч мөн өгүүлжээ.
Мэдээж энэ бүхэнд БНХАУ-ын Засгийн газар сэтгэл дундуур байгаа нь тодорхой. АНУ-ын алхмын талаар хэвлэлүүд “АНУ БНХАУ-д аюул заналхийлэл дагуулсан алхам хийлээ. БНХАУ энэ бүхэнд хариу өгнө” хэмээн мэдэгдсэн талаар эх сурвалжууд мэдээлж байна. Албаныхан арлын талаар нухацтай ярилцаж байгаа бөгөөд тодорхой хэмжээнд АНУ-д хариу өгнө гэдгээ илэрхийлсэн. Мөн бүрэн тусгаар тогтносон улсын эрх чөлөөнд халдаж байгаа үйлдэл боллоо гэдгийг ч тайлбарлав.
БНХАУ хиймэл арал хийнэ гэдэг нь орчин үед, 21 дүгээр зуунд техник технологийн хувьд шинэ дэвшил гаргасан ч АНУ үүнийг “баллаж” орхилоо. Хүн төрөлхтний хувь заяаг ч өөрчлөх хэмжээний нээлт хийснийг АНУ “баллаж”, бүхнийг үр дүнгүй болгож байна гэдгийг онцлон анхааруулсан талаар “Синьхуа” агентлаг мэдээлж байна. Тэгвэл АНУ БНХАУ-ын арлууд дээр тив алгасах пуужингийн эсрэг хамгаалалт барих гэж байсан талаар хардлагаа шууд хэлсэн байна. Өөрөөр хэлбэл, АНУ БНХАУ-ын пуужингийн хамгаалалтын систем бариулахгүй гэж ийм үйлдэл хийсэн мэтээр тайлбарлажээ. Гэвч эрдэмтэд ийм дүгнэлт хийхгүй байна. Хоёр улсын дайсагнал ийнхүү газар авч, цахим салбарын дайн, халдлагаас өөр зүйлд санал зөрөлдөн сөргөлдөж эхлэв. Номхон далайд БНХАУ-ын шумбагч, байлдааны онгоц тээвэрлэгч хөлөг онгоцууд хэд хэдэн удаа үзэгдэх болсон нь манай дэлхийн хамгийн том далайд нөхцөл байдал хурцдаж эхэлж байгаагийн шинж гэлтэй. Азийн орнуудын зүгээс АНУ-ын арал сүйтгэж байгаа алхмыг шууд “түрэмгийлэл” гэж үзэж байгаа аж. Харин Пентагон буюу АНУ-ын Батлан хамгаалах яамны зүгээс дээрх алхмыг холбоотон орнуудын аюулгүй байдлын төлөө хийсэн Засгийн газрын чухал алхмуудын нэг байсан хэмээн дүгнэж байгаа юм. Тодруулбал, Өмнөд Солонгос, Японы талтай АНУ ойр байдаг. Эдгээр улс нь БНХАУ-тай харилцаа тааруу байдаг гэдгийг бүгд мэднэ. Хятад Японы харилцаа арлын маргаанаас болж тааруу болж Хятад дахь Тоёота компани салбараа эргүүлэн татсан. Харин Өмнөд Солонгос Хятадын эдийн засгийн хамтын түншлэл Хятадын эдийн засаг өсөхийн хажуугаар буурсан билээ. Азийн хамгийн хүчирхэг хоёр улс эдийн засгаараа өрсөлдөж байгаагийн нэг жишээ бол энэ. Мөн Хятад улс Өмнөд Солонгосыг АНУ-тай цэргийн хамтарсан сургуулилт хийхэд таатай хүлээн авдаггүй жишээ байдаг.
Хэдийгээр Өмнөд Хятадын тэнгис гэж нэрлээд байгаа боловч тэнд олон улсын хил хязгаар гэж бий. Гэвч Хятад улс өөрсдийн дураар хиймэл арал байгуулж байгаа нь олон улсын газар нутгийг боловсон “дээрэмдэж” байгаагийн нэг жишээ гэж АНУ-ын хэвлэлээр бичих болов. АНУ-ын Усан цэргийн хүчин арга хэмжээ авахгүй бол өөр ямар ч орон олон улсын хууль дүрмийг чандлан сахихын тулд Хятадтай сөргөлдөхгүй нь ойлгомжтой гэдгийг тоймчид хэлж байна. Бээжинтэй АНУ сөргөлдөх нь цаг хугацааны асуудал байсан мэт тэд тайлбарлахыг хичээж байна. Учир нь, цахим сүлжээний хакерчид АНУ-ын төрийн мэдлийн бүхий л сайт, холбоо сүлжээ рүү чөлөөтэй нэвтэрч байгаа үйл явдалд америкчууд дургүйцлээ илэрхийлж буй. Хоёр улсын Ерөнхийлөгч энэ талаар ярилцсан боловч Хятад улс нэгэнт дэлхийн цахим салбарт тэргүүллийг олж авчээ.
Нөхцөл байдал хүндрэх эсэх дээр зарим улс орон санаа зовж байгаа талаар ч өгүүлж байна. Гэвч тоймчид хоёр улсыг нэг нэгнээ өдөж, иймэрхүү жижиг асуудал дээр том зүйл гаргаж ирэхийн тулд өдөөн хатгах ажиллагаа ойрын хугацаанд хийсээр байх болно гэдгийг таамаглажээ. Өнгөрсөн есдүгээр сард БНХАУ-ын дарга Вашингтон хотод айлчилсан. Энэ үеэр Аляска мужийн ойролцоо Хятадын хөлөг онгоц үзэгдэх болсон нь америкчуудыг айлгасан гэдэг. Газар нутгийн зөрчил гэж нэрлээд байгаа энэ асуудал дээр БНХАУ өөр нэг тайлбар хийжээ. Тэд хиймэл арлыг албан ёсоор “газар” гэж үзэхгүй байгаагаахэлсэн байна. Учир нь, хиймэл арал бол шинжлэх ухааны дүгнэлтээр байнга оршин тогтнох нь эргэлзээтэй, аюултай бүсэд багтана гэдгийг тайлбарласан байна. Тодорхой тайлбарлавал далайн хар шуурга, далай доторхи хөрсний гулгалт, газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог учраас найдвар багатай арал гэдгийг хятадууд онцолсон байна. Нөхцөл байдал судалгааны болон туршилтын хэмжээнд байхад АНУ яаран сандран арлуудыг аюултай мэтээр сөнөөх, энэ төрлийн маргааныг хийх болсон нь “өрөвдөлтэй” хэрэг гэдгийг “Синьхуа” агентлаг мэдээлсээр. Ямартай ч нөхцөл байдал хүлээлтийн байдал руу шилжлээ.