Б.БААТАР
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон ирэх жил улсынхаа Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө.
Түүнд Билл Клинтон маш их зүйл зааварлаж зөвлөсөн гэдэг ч түүнээс илүүтэй улс төрийн хариуцлагатай байдал ба карерыг нь өндөр байлгахад нь илүү нөлөөлдөг гэж тус улсын хэвлэлүүд онцолжээ. Харин тэрээр цаг үеийн асуудлаар “USA Today” сонинд ярилцлага өгч, олон асуудлаар нээлттэй ярилцсаныг хүргэж байна.
-Дэлхийн улс төр гэхээсээ илүү АНУ-ын дотоод асуудлаар яриагаа эхэлье. Та Барак Обама Ерөнхийлөгчийн талаар нэг хачирхалтай зүйл ярьсан байсан. Банкууд 2009 онд түүний талд шийдвэр гаргаж, хямралаас хамтдаа гарах гарц олсон тухай. Энэ ямар учиртай юм бэ. Банкууд сүйрвэл Барак Обама огцрох байсан уу?
-Сонирхолтой асуулт байна. Товчхондоо, томоохон банкууд уналтад орвол Обамагийн Засгийн газар битгий хэл тэр өөрийн ажлаа хүлээлгэн өгөх хүнд үе байсан. Өөрөөр хэлбэл, одоо ч гэсэн зах зээл дэх том банкууд дампуурвал Ерөнхийлөгч дагаад “дампуурах” харилцан шүтэлцээ бий. Банкууд асуудалд орох бүрт Барак Обама тэднийг аврах ямар нэг алхам хийдэг байсан. Өөрөөр хэлбэл, өнөөдрийг хүртэл тэд Обамагаар “тэжээлгэж” байгаа гэхэд хилсдэхгүй. Хямралын үед Ерөнхийлөгч ямар шийдвэр гаргана, үр дүнд нь банкууд л аврагддаг байсан шүү дээ.
-Хэрэв та Ерөнхийлөгч байсан бол бас тухайн үед банкуудад хямрал нүүрлэсэн бол та тэднийг дампууруулах байсан уу. Ийм байдлыг та хүлээн зөвшөөрөх үү?
-Хариулт тун энгийн, тийм. Банкууд Засгийн газраас хамааралгүй мэт л тусдаа шийдвэр гаргадаг. Тэгсэн мөртлөө өөрсдөд ашиггүй байдал үүсвэл Засгийн газраас тусламж гуйдаг. Гэтэл энэ нь тэднийг баяжуулж байгаагаас улсын эдийн засгийг тогтвортой байлгаад байгаа юм биш. Хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн үед тэд зөвхөн арьсаа хамгаалж л үлдэхийг боддог. Тийм учраас би тэднийг дампуурах шийдвэр гаргаж байгаа бол дампуурахыг зөвшөөрнө. Эрх баригчийн үүднээс тусламжийн гар сунгаж, бусад сөрөг хүчнийхний хэл аманд ормооргүй байна. Уналтад орвол маш том нүх рүү унана. Яг үнэндээ АНУ-ын томоохон банкуудын өмнөөс улс төрийн шийдвэр гаргасаар залхаж байна. Банкууд өөрсдийн орон зайг арай өөрөөр төсөөлөөд байх шиг байна.
-Гэхдээ тэд дэлхийн эдийн засагт нөлөөтэй хэвээр байгаа шүү дээ?
-Тэгээд тэдний гаргасан шийдвэрийн өмнөөс АНУ хохирох ёстой юм уу. Тийм аргачлал хаана байна. Манай улс энэ хэдхэн том банкны өмнөөс гадаад бодлогод хязгаарлалт, дайсагнал, үл ойлголцол хэдийг хүртэл бий болгосоор байх юм. Банкууд бие даасан тусгай шаардлага хүргүүлсээр байдаг шиг эргээд улс орны эдийн засагт тустай бодлого явуулах хэрэгтэй гэдгийг би анхааруулсаар байдаг. Тэдний нөлөө дэлхийн эдийн засагт байдаггүй. Харин АНУ-ын мөнгөн тэмдэгт болон ам.долларын нөлөө дэлхийд байгаа.
-Магадгүй банкууд хоорондоо харилцаа холбоо сайтай байдгийг үгүйсгэхгүй. Тэднийг АНУ-ын төр засаг удирдаж чадахаа болж байгаа юм болов уу?
-Удирдах асуудал өөр. Гэхдээ чиглүүлэх тал дээр төр давуу эрхтэй байсаар ирсэн. Бодлого, ханш, хэмжээ ер нь банкны үйл ажиллагаатай холбоотой бүхий л зүйлийг Засгийн газар чиглүүлэх ёстой гэж би хэлмээр байна. Тэр байтугай 2007-2008 оны хооронд банкууд ямар нэг хэмжээгээр зээл, тусламж авч байсан. Хэн тэдэнд тусалж байсан гэж бодож байна. Мэдээж АНУ-ын Засгийн газар. Эдийн засгийн асар том уналтад орох гэж байхад нь Барак Обама асуудлыг нь шийдэж өгч л байсан.
-Уолл Стрит төлөвлөгөөний талаар хэдэн зүйл асуумаар байна. Эдийн засгийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг Бүлүүмберг энэ долоо хоногийн эхээр АНУ-ын эдийн засгийн ойрын ирээдүйн талаар санхүүгийн тайлан гаргаж олны анхаарлыг татсан. Та тэр тайланг харсан уу?
-Үзсэн. Гэхдээ тэд өөрсдийнхөөрөө дүгнэхийг оролдсон бололтой. Өөрөөр хэлбэл, энэ тайлан тийм ч чухал зүйл биш. Хэсэг бүлэг эрдэмтэд тойрч суугаад нэг сэдвийн талаар ярилцаж, түүнийгээ дүгнэж, баталдаг шиг л зүйл болсон. Хөрөнгийн зах зээлд АНУ тэргүүлэгч орон хэвээр байгаа. Энэ талын бодлого явуулах талаар олон сонирхолтой асуулт ирж байсан л даа. Уолл Стритийн хувьд Олон улсын валютын сан болон дэлхийн хөрөнгийн зах зээл тэр дундаа БНХАУ-ын хөрөнгийн зах зээлийн төвтэй хамтран ажиллах нь хоёр улсад ашигтай гэж зарим хүн хэлсэн. Гэвч бид өөрсдийн зорилготой улс орон.
-Таныг ирэх жил Ерөнхийлөгч болоод Цагаан ордонд сууж байхыг харах мөч ойртсон гэж сэтгүүлчид мэдээлэх болсон. Таны хувьд гол өрсөлдөгч тань хэн бэ?
-Хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан сонгуулийн үйл явц, иргэд юу хүсч байгаагаас бүх зүйл шалтгаална. АНУ-ын Ерөнхийлөгч байх нь амаргүй зүйл гэдгийг дахин хэлмээр байна. Гадаад бодлогоос эхлээд хөрөнгө мөнгө, зах зээл, хөрөнгө оруулагч, хамтын ажиллагаа, Батлан хамгаалах яамны стратеги, улсын төсөв, үндсэн хууль, цагаач иргэд, гай гамшиг, тусламж гээд бүхий л зүйлд нэгэн зэрэг маш нарийн өндөр зохион байгуулалтан дор ажлаа явуулдаг. Мөн дөрвөн жилийн дотор ямар ч хүн мөрийн хөтөлбөрөө хийж амждаггүйг та бүхэн өнгөрсөн түүхээс олж мэдсэн байх. Өрсөлдөгчийн хувьд ямар хүн байх нь хамаагүй. Гол нь хүчтэй өрсөлдөгч болоод л АНУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй.
-Таны гадаад бодлого болон олон улсын харилцаанд иргэд эргэлзэхгүй байгаа. Тэгвэл таны бодлоор АНУ-д юу хэрэгтэй, ямар асуудал иргэдийн өмнө хамгийн их тулгарч байна гэж та бодож байгаа вэ?
-Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт болон амьдрах таатай орчин, хөрөнгө санхүүгийн өр зээлгүй амьдрал. Нийгэмд үзүүлж байгаа төрийн үйлчилгээ буюу сургууль цэцэрлэг, тэтгэмж тэтгэвэр болон цагаачлалын асуудал харьцангуй гайгүй байгаа. Гэвч шийдвэрлэх, сайжруулах ажил байсаар байгааг хэлэхгүй байж болохгүй. АНУ-д юу хэрэгтэй байна вэ гэхээр иргэний нийгмийн аюулгүй байдал. Галт зэвсэг болон хар тамхины асуудал.
-Уг нь таныг би энэ бүхнээс илүүтэй хүмүүсийн эрүүл мэндийн асуудал, цэвэр усны асуудалд анхаарлаа хандуулсан байх гэж бодож байсан юм. Надад ирсэн асуултаас хамгийн их санаа зовоож байгаа зүйлийн нэг нь иргэн бүрийн ажилтай байх асуудал. Та юу гэж бодож байна?
-Ажилтай байх нь хувь хүнээс биш, улс орноос шалтгаалдаг үе ирсэн. Өмнө нь хувь хүн боловсролтой байх юм бол ямар ч ажил түүнд нээлттэй байдаг байсан. Харин одоо 10 хүний ажлыг нэг хүн хийж байх жишээний. Яахав энэ бүхэнд ажилгүй хүмүүст эмзэг тусах нь ойлгомжтой. Харин ажилтан хүнд ажлаа алдахгүй хадгалж үлдэх нь чухал бөгөөд ажилгүй болохоос тэд айдаг нь үнэн. Нийгэм өөрчлөгдөхийн хирээр ажил хөдөлмөр эрхлэх байдал өөрчлөгдөн хувьсаж байна. Техник технологи хүний ажлыг хөнгөвчилж байгаагийн нэг жишээ. Болдог бол ажил хийхгүй амьдрах таатай байдлыг улс орны төр засгийн тэргүүнээс хүсэх бодол хүн бүрд л байдаг бололтой. Гэвч АНУ 2008 оны хямралаас хойш сэргэлт авахгүй өмнөх өрөө дараагийн авлагаар нөхөж өдийг хүрлээ. Аль, аль талдаа бодолцох л асуудал.
-Билл Клинтон болон таньд АНУ-ын түүхийг бүтээх сайхан боломж нээгдээд байгаа. Та Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрөөс ганцхан зүйл сонгогчдод хэлбэл... Мэдээж боломжтой бол.
-Мөрийн хөтөлбөр бэлэн болсон. Гэхдээ би хэлэх ёстой юу?... За наргисан юм. Мэдээж Төрийн нарийн бичгийн дарга байх хугацаанд олон зүйл дээр ажиллаж, багагүй туршлага хуримтлуулсан. Нийгэмд юу хэрэгтэй байна. АНУ-ын иргэн бүрд ямар асуудал тулгарч байгааг олж мэдэх хамгийн ойрхон ажил гэж бодож явдаг. Өнөөдөр АНУ-д сэргэлт хэрэгтэй байна. Хөрөнгө оруулалтын биш, эрч хүч, дайн байлдаан эх орны сэргэлт биш. Зүгээр л нийгмийн хариуцлагын сэргэлт хэрэгтэй байна. Мөнгө санхүүгийн асуудлыг бид өдийг хүртэл болгож ирсэн нь үнэн. Харин яг одоо бол дайн дажин гэхээс илүүтэй хүн рүүгээ чиглэсэн нийгмийн дэмжлэг, төрийн дэмжлэг хэрэгтэй байгаа юм шиг санагдаж байна. Тиймээс энэ чиглэлд эхний ээлжид гол анхаарлаа хандуулж, Гадаад бодлогыг зарим зүйл дээр АНУ өөрсдийгөө хойш татах хэрэгтэй юм шиг санагдаад байгаа. Нууц биш ч гэсэн бид сүүлийн 20 жил дайн дунд өнгөрийг харлаа.
-Барак Обама 2008 оны сонгуулиар дайн хийхгүй гээд өөрчлөлт ярьж орж ирсэн. Гэвч бид дайтсаар л байна...
-Тэр бол надад хамааралтай зүйл биш.
-Гэхдээ энэ бол Ерөнхийлөгчийн амлалтаа зөрчсөн нэг жишээ.
-Яг энэ асуудал дээр АНУ-ын Батлан хамгаалах яам болон Ерөнхийлөгчийн зөвлөхүүд түүнд нөлөөлсөөр байгааг мартаж болохгүй. Афганистан улсаас цэргээ татах шийдвэр гарах мөчид нөхцөл байдал дээрдэхгүй гэдгийг бид бүгд харсан шүү дээ. Террорист үйл ажиллагаа ихсэж, амиа золиослогч этгээдүүд олшрох болсон. Улмаар АНУ-ын цэргийн хүч Афганистан улсаас гарах шийдвэр хойшилсон байдаг.
-Та дөнгөж сая хэлсэн үгтэйгээ зөрөх шиг боллоо.
-Би Барак Обамагийн байдлыг тайлбарласан юм. Харин миний хувьд Ойрхи Дорнодод АНУ дахин дайсан нэмэхийг хүсэхгүй байна. Төсөөлөөд үзье. 2001 оны халдлагаас хойш хэдэн жил болж байна. 15 жил. Тухайн үед төрсөн хүүхэд, эцэг эхээ алдсан мянга мянган хүүхэд өнөөдөр 15 настай болсон. Тэд удахгүй цэрэгт явна. Тэгээд хэн болж хувирах уу. АНУ-д дайсныхаа тоог нэмэх хэрэг байхгүй. Эрүүл нийгэмд амьдрах ёстой. Тийм л ирээдүйг бий болгох хэрэгтэй. Энэ л таны асуусан миний мөрийн хөтөлбөрийн нэг хэсэг.
-Оны дараа таниас дахиад сонирхолтой асуултууд асууна. Гэхдээ өнөөдөртөө ингээд дуусгасан нь дээр юм шиг байна. Сүүлчийн асуулт. Та ОХУ-ын эсрэг ямар бодлого баримтлан ажиллах вэ. Хэрэв Ерөнхийлөгч болох юм бол?
-Би Сергей Лавров, В.Путин, Д.Медведев болон ОХУ-ын төрийн томоохон зүтгэлтнүүдтэй сайн харилцаатай нэгэн. Гэвч гадаад улс төр энэ бүхэнд хамаагүй мэт өнөөгийн улс төрчид үзэж байх шиг байна. Би харин ч эсрэгээрээ. Сайн сайхан харилцаатай байна гэдэг дипломат харилцааны эхний алхам. Тиймээс ОХУ-тай харилцаагаа ирээдүйд улам бэхжүүлэх байх гэдэгт итгэж явдаг.