Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Афганистанд болсон 7.5 баллын хүчтэй газар хөдлөлтөд 300 гаруй хүн амиа алдлаа

Б.БААТАР

Афганистан улсын Жарм гэх газар өнгөрсөн даваа гарагийн орой 7.5 баллын хүчтэй газар хөдөлсөн байна. Одоогийн байдлаар 229 хүн амиа алдсан тоо гарсан бол өчигдөр орой 300 гаруй болж нэмэгдсэн мэдээлэл ирэв. Амиа алдсан хүмүүсийн тоо цаашдаа нэмэгдэх хандлагатай байна. Нутгийн зүүн хойд хэсэг буюу Туркменистан улсын хилийн бүсийн ойролцоо газар хөдөлсөн аж.

Исламабад хотод хүр­тэл газар хүчтэй хөдөлж мэдрэгдсэн учир Афганистан улсын эрх баригчид байгаа цэргийн хүчээ Жарм руу илгээж, аврах ажиллагааг яаралтай эхлүүлжээ. Пакис­тан, Тажикстан, Энэтхэг, Туркменистанд чичиргээ мэдрэгдсэн хэмээн АНУ-ын цаг уур судлал, газар хөдлөлтийн үндэсний төвөөс мэдээлсэн. Нутгийн зарим хэсэгт газар цуурсан байж болзошгүй тул иргэддээ болгоомжтой байхыг анхааруулжээ.

Газар хөдлөх үеэр сургууль дээрээ байсан хүүхдүүд гарч амжаагүй гэнэ. Үүнээс болоод 12 охин сургуулийн хананд дарагдан амиа алдсан харамсалтай хэрэг гарсан юм. Тэд 10-аас 15 насны охид байсан аж. Гурван улсын өгсөн мэдээллээр нийт 300 гаруй хүн амиа алдсан боловч олон зуун хүн бэртэж гэмтсэн тухай яригдаж байна. Афганистан улсын 74 иргэн амиа алдсан гэсэн бол Пакистан улсын зүгээс хамгийн багадаа 154 нас барсан гэлээ.

Хамгийн сүүлд 2005 онд Кашмирт 7.6 баллын хүчтэй газар хөдөлж 70 мянган хүний амийг авч одсон. Тухайн үед буюу 223 км газарт чичиргээ мэдрэгдэж байж.

Афганистан болон Пакистан улсын эрх баригчид Олон улсын хүмүүнлэгийн байгууллагуудаас тусламж хүсч буйгаа мэдэгдээд байна. НҮБ-аас өчигдөр тусламжийн цуваа явуулж. Цэвэр ус, хоол хүнснээс гадна дулаан хөнжил, майхан сав зэрэг анхан шатны тусламжийн эд зүйлсийг хүргүүлж байгаа юм. Жарм хэмээх газар нь уулархаг нутаг учир ихэвчлэн талибанчууд амьдардаг талаар барууны зарим хэвлэл мэдээлж байгаа. Хохирогчдын ихэнх нь хүүхэд, эмэгтэйчүүд байсныг тус мужийн цагдаа­гийн газар мэдээлэлдээ дурд­жээ. Нутгийн иргэд ихэвчлэн шавар байшинд амьдардаг байсан тул газар хөдлөх үеэр нурж, үндсэнээ балгас болж хоцорчээ.

Эхний удаагийн чичиргээ­нээс хүмүүс гэр орноосоо гарч, задгай талбайд цуг­лар­сан байна. Удалгүй ба­рил­­­га байшин нь нурж, хоёр дахь чичиргээ маш их хохирол дагуулсан бололтой. Афганистан улсын “Толо” телевиз ойролцоогоор 4000 гаруй барилга, байшин сүйд­сэн гэж мэдээллээ. Да­хин газар хөдөлж магадгүй уч­раас улсын хэмжээнд бэ­лэн байдал зарлаж, иргэ­дийг болгоомжтой байх хэ­рэг­­тэйг анхааруулаад байна. Афганистан улсын нийс­лэл Кабул хотод байшин барилгын хана цуурсан аж. Энэ нь өндөр барилгуудад эрс­дэл­тэйг сануулсан дохио болжээ. Тэгвэл Пакистаны Ислама­бад хотод нөхцөл байдал мөн хүнд байгаа юм. Олон хүн амиа алдсан төдийгүй уулархаг нутгаар хөрсний гулгалт болж, гол мөрөн дарагдсан нь нутгийн иргэдэд хүндээр тусч байгаа аж. Гамшиг болсон нутагт цэргийн хүчин өөрсдийн санаачилгаар аврах ажиллагааг явуулж байгаа юм. Газар хөдлөх үеэр Пакистаны баруун хойд нутгаар бороотой байсан нь хөрсний гулгалт болоход нөлөөлсөн гэж “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Энэтхэг улсын шинэ Дели болон Пакистантай хиллэдэг зарим хэсэгт чичиргээ хүчтэй мэдрэгдэж иргэдийг нэлээд сандаргасан байна. Нутгийн иргэд “Бид дайн байлдаан болж байгаа юм болов уу гэж эндүүрсэн. Гэтэл маш хол зайтай газар хөдөлсөн байсаныг олж мэдлээ. Маш аймшигтай үйл явдал болж, гамшиг тохиолоо” хэмээн ярьжээ. Хамгийн сүүлд Балба улсад газар хөдлөхөд Энэтхэгт чичиргээ мэдрэгдсэн байдаг. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди “Афганистан болон Пакистан улсад хэрэгтэй зүйл юу байна. Энэтхэг улс тусламжийн гараа сунгахад бэлэн” хэмээн твиттер хуудсаараа мэдэгдсэн. Киргизстан улс хэдийгээр хохирол амсаагүй ч чичиргээ мэдрэгдсэн талаар Ерөнхий сайд нь хэлжээ.


Газар хөдлөлтийн гамш­гийн улмаас хохирсон иргэд цочрол орсон учир нэгдсэн бүртгэлд хамрагдах, хохирлын нийт хэмжээг тодорхойлох хараахан болоогүй байгаа гэнэ. Гамшигт өрсөн улс орнуудад олон улсын хүмүүнлэгийн тусламжийн байгууллага  тусламж хүргэх ажил идэвхтэй байх нь бололтой. Албаны хүмүүс ч бусад орнуудаас тусламж хүссээр байгаа юм. Цэрэг армийнхан болон орон нутгийн удирдлага гамшгийн бүсэд аврах ажиллагааг шуурхай хийж, нурангид дарагдсан иргэдийг яаралтай олж, гаргаж авахаар ажиллаж байна. Хүчтэй газар хөдөлтийн давтамж ойртож, гамшгийн хэмжээ жилээс жилд нэмэг­дэж, учруулсан хохирол ч багагүй байгаа нь байгаль дэлхий өөрчлөгдөж байгаатай холбоотой. Үүнд байгаль орчин­тойгоо зүй зохисгүй харьцах хүмүүсийн буруутай үйл ажиллагаа маш их нө­лөөлж байна хэмээн эрдэмтэн судлаачид дүгнэж буй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан