Хошин урлагийн жүжигчин Жимми Моралес өөрийн эх орон Гватемал улсын Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэн өрсөлдөж, ялагчаар өөрийгөө зарласан тухай мэдээллийн агентлагууд бичиж эхлэв. Гватемал улсын 50 дахь Ерөнхийлөгч болохыг албаныхан сонгуулийн өмнө үгүйсгээгүй юм. Урьдчилсан санал хураалтад тэрээр маш өндөр үнэлгээ авсан бөгөөд сонгогчид улс эх орондоо их зүйл хийнэ гэж түүнд итгэж байгаа бололтой. Өдгөө 46 настай Моралес урьдчилсан байдлаар 69 хувийн санал авч, тэргүүлэх амжилт үзүүлсэн байна. Тэргүүн хатагтай асан Сандра Торрес түүнтэй өрсөлдөж 31 хувийн санал авсан гэнэ.
Гватемал улсад авлига хээл хахууль газар авч, нийгмийн “ялзарсан” байдал цаашид үргэлжлэх болзошгүй учир Ерөнхийлөгчийн сонгуульд шударга хүн хэрэгтэй гэж ард түмэн байр сууриа илэрхийлсэн байна. Сандра Торрес нь 2008 оноос 2011 оны хооронд тэргүүн хатагтай байсан юм. Тэрээр өмнөх Ерөнхийлөгч Алваро Коломын хуучин эхнэр байсан бөгөөд Үндэсний итгэл найдварын нэгдэл намаас энэ удаад нэр дэвшсэн аж. 15 сая хүн амтай Гватемал улсын хувьд Жимми Моралес дараагийн Ерөнхийлөгч байх нь гарцаагүй мэт мэдээ мэдээлэл гарсаар байна.