Британи Колумбийн муж буюу Канадын Тофино арлын ойролцоох Ванкуверийн арлын орчимд 27 жуулчин бүхий аялж явсан завь осолдсон талаар олон улсын хэвлэлүүд мэдээллээ. Албаныхны хэлснээр ослын улмаас 5 хүн амь үрэгдсэн байна. 18 хүнийг яаралтай эмнэлэгт хүргэсэн бөгөөд золоор усан завинд байсан жуулчдын олонх нь сэлж чаддаг байж.
Канадын аврах багийнхан ослын шалтгааныг тодруулахаар шуурхай ажиллаж байгаа ч эхний ээлжинд зорчигчдыг яаралтай эрүүл мэндийн шинжилгээнд хамруулж, эмчлэх шаардлагатай байгааг дурдав.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа жуулчдаас гэрчийн мэдүүлэг авах гэсэн боловч эмч нар хориглосон гэнэ. Завь живэх аюултай гэдгийг жуулчдад сануулж, аюулгүй байдлаа хангахыг анхааруулсан хэдий ч завь осолдоход жуулчид задгай усанд хаягдсан байна.
Канад аялал жуулчлалын салбараас багагүй орлого олдог. Тэр ч утгаараа жуулчдын тоо энэхүү ослоос болж буурах вий гэсэндээ мэдээллийг нуух гэж оролдсон аж. Осолдсон “Левиатан хоёр” завийн эзэмшигч нь Жэми гэгч байжээ. Хэргийг тодорхой болгож, амиа алдсан хүмүүс хаанаас ирсэн зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг өнөөдөр хэвлэлийн хурлаар зарлах болно гэж албаныхан тайлбарласан байна.